Цэс Close

“Нөхөн олговор олгох тухай” хууль Монголчуудын өв соёлыг сэргээнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий 56 гишүүн “Монголын бурхны шашин, соёлд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Монголын ард түмний эв нэгдэл, түүх соёл, нандин өв уламжлалыг тээж ирсэн бурхны шашинг төрөөс дэмжих нь зүйн хэрэг юм. Учир нь 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монголын оюунлаг сэхээтэн болох лам нарыг хоморголон устгасан төдийгүй дэлхийд гайхагдах үнэт өв соёл, түүхэн барилга байгууламж, урлаг, боловсрол, анагаах ухааны суурь нураагдаж сүйтгэгдсэн. Энэ нь асар их хохирол дагуулсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Монголын төрөөс хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль баталж байсан бол одоо Монголын биет болон биет бус өв соёлыг сэргээхэд төрөөс нөхөн олговор олгох, өв соёлоо сэргээх хууль батлагдан гарах гэж байна.

Түүх сөхвөл, их хэлмэгдүүлэлтийн үед Монголын Бурхан шашны амссан хохирлоос дурдвал: 

1. 1920 оноос эхлэлтэй Их хэлмэгдүүлэлтийн үед үндэсний шашин соёл тээгч, нийгмийн оюун санааны сор болсон эрдэмтэн лам, хуврагуудыг устгаснаар уламжлалт бурханы шашны залгамж үеийг үндсээр нь устгасан.

2. Уламжлалт анагаах ухаан, бурхны шашны шинжлэх ухааны ололтыг үгүйсгэж устгасан юм.

3. Соёлын биет өв, уран барилгын цогцолбор болсон 1000 орчим сүм хийдийг устгажээ. Сүйтгэгдсэн сүм хийд, бурхан тахилын үнэ цэн, хохирлын хэмжээг тооцохын аргагүй асар их юм. Тэдгээр сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байв. Мөн Бурханы шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурханы шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёл урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж үгүй болсон.

Ийнхүү Монгол дахь бурхны шашин, соёл устгагдсанаар манай үндэстний оюун санааны өв тээгч хувилгаан, лам хуврагууд хилсээр ял хүлээж, соёлын биет болон биет бус өвийг устгаж хойч үедээ үнэлж баршгүй хохирол учирсан юм.

Тодруулбал, улс төрийн шалтгаанаар хилсээр хэлмэгдэж устгагдсан 70 жилийн турш хаагдсан Монголын бурхан шашин, соёлд хохирсон нь доорх байдлаар илэрдэг.

-Монголчуудын оюун санааны үндсийг тасалсан

-Эдийн засгийн үндсийг тасалсан

-Боловсон хүчний нөөцийг нь шавхсан

-Соёлын биет болон биет бус өвийг сүйтгэсэн

Монголын түүхэн дэх  их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, ийнхүү бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн “шашин, соёл” тэр бүү хэл бүхий л салбар байгууллага хохирсон.  Энэ нь Монгол Улс уламжлалт бурханы шашин, соёлдоо нөхөн олговор олгож түүхэн залруулга хийх бүрэн үндэслэл юм.

Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурханы шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Дэлхийн улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлдэг жишиг нэгэнт бий.

Жишээ нь, Унгар 3.52 хувь, Эстони 2.6 хувь ХБНГУ 1.72 хувь Латва 1.62 хувь,  Норвеги 1.62 хувь, Ирланд 0.52 хувь, Их Британи 0.60 хувь, Израйль 1.42 хувь, Австрали 0.70 хувь, Колумб 0.67 хувь, Япон 0.38 хувь, АНУ 0.27 хувийг өөрийн уламжлалт буюу зонхил

Аливаа улс орны хүчирхэг байх эсэх нь нийгмийн оюун санааны нэгдмэл байдал, өвөг дээдсээс хадгалж ирсэн үнэт өвийн уламжлал байдаг. Үүний нэгэн тод жишээ бол өнгөрсөн жил Францын Парисын эх дагинын сүм шатахад дэлхийн нийтээрээ эмгэнэн харамсаж өдрийн дотор л сүмийг сэргээн босгох хандив мөнгө 270 сая еврод хүрч байсан нь хүн төрөлхтний хувьд биет болон биет бус өв соёл нэн чухал болохыг харуулсан юм.

УИХ-ын гишүүдийн санаачилсан “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж, бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Х.ТӨГСБАЯР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах