Н.Булгантамир: Cleanup, Bubble festival зэрэг төслүүд улаанбаатар хотыг цэвэрхэн байлгах зорилготой
“CleanUP” төслийн санаачлагч Н.Булгантамиртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. CleanUP төслийг анх хэзээ, хэрхэн хэрэгжүүлж эхлэв?
-Бид анх тоглоомын талбайг угаах зорилготойгоор энэ төслийг эхлүүлсэн. Гэвч тухайн үед хамгийн их тулгамдаж буй байршлыг цэвэрлэх хэрэгтэй гэж үзээд Туул голын ай сав газрыг цэвэрлэхээр болсон. 2021 оноос хойш бид тус төслийн хүрээнд давхардсан тоогоор 15,000 гаруй залуучуудыг хамруулсан бөгөөд тэдгээр залуучуудад сайн дурын үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотын усны эх ундарга болсон Туул голоо бохирдлоос арилгахад хувь нэмэр оруулж чадсан.
Мөн Хан-Уул дүүргийн 500 айл тус бүрд 5 модыг тарих ажил гэх мэт олон ажлыг зохион байгуулсан.
-CleanUP төслийн хүрээнд цаашид ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?
-2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын удирдлагууд их цэвэрлэгээ, угаалга хийж байгааг харахад таатай байна. Бид төслийн эхний зорилгодоо хүрсэн гэж боддог. Одоо бид дахиад тус зорилгын хүрээнд өөр зүйлийг хийхээр бэлтгэж байна. Залуучууд шинэ санааг сэтгэж, төрийн байгууллагуудад үлгэрчлэн харуулах зорилготой ажиллаж байна. CleanUP төсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ илүү хандлага руу чиглэн өөрчлөгдөх болно. Хүний тарьсан хогийг насаараа цэвэрлэж дуусахгүй шүү дээ. Харин хүмүүсийг хог тарихгүй, хотоо бохирдуулахгүй байхын тулд нөлөөллийн ажлыг хийхээр төслийн баг ярилцаж байна.
-Таны яриан дотор нийгмийн сайн сайхны төлөөх ажил хийж явахад нийгэмд тодорхой хэмжээний бухимдал үүсч байсан, зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж байсан тухай ярилаа. Энэ талаар ярихгүй юу?
-Яг одоогоос хоёр жил гаруйн өмнө, бид CleanUP, Bubble Festival гээд Улаанбаатар хотыг өнгөтэй, өөдтэй, цэвэр цэмцгэр харагдуулахад залуучуудын оролцоо чухал учраас олон удаа олон залуусыг уриалан дуудсан. Энэ нь тухайн үедээ нийгэмд цөөнгүй хэрүүл үүсгэж байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй ажилчид хийх ёстой. Залуучуудыг олноор нь цуглуулах нь буруу, намын гишүүнчлэлтэй залуучууд байгаа нь таалагдахгүй байна гэх мэт олон талаас нь сөргөөр бодож харах хүмүүс байсан. Энэ төсөл бол хот цэвэрхэн, хүүхдийн тоглоомын талбай нь нус, шүлсгүй цэвэрхэн байгаасай гэсэн зорилготой байсан.
-Танд болон танай төслийн багийнханд ямар сөрөг хандлагууд ирж байв?
-Энэ залуу чинь хог цэвэрлэдэг шүү дээ. Ирээд орц угаагаад өгөх үү? гэх мэт цахим хуудсаар сэтгэгдлүүд дүүрэн ирж байсан. Зарим нь тэр хэсэг хогтой байна, очоод цэвэрлээрэй гэх мэт зүйлийг бичиж байсан.
Бид хотоо цэвэрхэн байлгахаар тодорхой хэмжээний ажил хийж байгаагийн цаана гол нь сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт оруулах зорилготой байсан.
-Иргэд, залуучууд энэ төсөлд оролцсоноор байгаль орчиндоо хандах хандлага нь өөрчлөгдөж байгаагаас гадна өөр ямар эерэг нөлөөллүүд гарч байгаа гэж Та үзэж байна вэ?
-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өөрсдөө хог цэвэрлээд ирэхээр дараа нь энэ хогыг тарихгүй байх ёстой юм байна гэсэн сэдлийг авдаг юм байна гэж залуучууд маань хэлж байсан. Тийм учраас оролцоогоо бодит болгох нь иргэний нийгмийн байгууллагын хувьд хамгийн чухал үүрэг. Тиймээс иргэдийг уриалан дуудсанаар өөрсдөө хувь нэмрээ оруулах нь бахархал, үлгэрлэл бий болгож байгаа юм болов уу гэж бодож байна.
-Та өмнөх CleanUp төслүүд дээр "хогоо цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархин дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн" гэдгээ илэрхийлж байсан. Таны хэлсэн тархин дахь хогийг цэвэрлэнэ гэсэн агуулга нь их сонирхолтой санагдсан. Энэ талаар яривал...
-Хүмүүсийн тарьсан хогноос илүү тархин дахь хогийг цэвэрлэхгүй бол хот маань өөрөө хогийг үйлдвэрлэдэг буюу хүмүүс бид хогийг үйлдвэрлэж байгаа юм. Анхнаасаа хог үйлдвэрлэхээ больж байж хог түүх шаардлагагүй болно. Бид залуу үедээ экологийн боловсрол олгох, нийгэмд оролцоогоо хувь нэмэр болгож харуулах, илүү цэвэр цэмцгэр хотод амьдрахын төлөө иргэд залуучууд маань хувь нэмрээ оруулж чадна гэдэг жишгиг бий болгох нь маш том давуу тал юм. Өмнө нь илтгэлийн тэмцээн, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байсан бол одоогоор бид яг энэ асуудлын талаар нөлөөллийн ажил хийхээр зорьж ажиллаж байгаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд контентууд бэлгэж байгаагаа дуулгахад таатай байна.
-Хамгийн их нэгдэж буй залуус хаанаас байна вэ?
-Үйл ажиллгаанд маань хамгийн их идэвхтэй хамрагддаг хүмүүсийн дийлэнх нь оюутан залуус.
Эх сурвалж: https://youtu.be/_l_uZ8CQdWg?si=o82o03rqCGuA01sb
https://fb.watch/rh7RjG4Z_A/ https://fb.watch/rh7ZKvvSFW/
Зургийн эх сурвалж: https://ikon.mn/n/2ohd , https://ikon.mn/n/2t3c
Сэтгэгдэл үлдээх