Цэс Close

Н.Мандах: Нөхөн сэргээхэд зарцуулсан 1 ам.доллар хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд 30 ам.долларын үр өгөөж авчирдаг

Эко инноваци, хөгжил төв ТББ-ын үүсгэн байгуулагч, доктор Н.Мандах "Энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас Ган цөлжилтийн эсрэг Дэлхийн өдрийг “Газраа нөхөн сэргээж боломжуудыг нээцгээе! уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
НҮБ-аас зургаадугаар сарын 17-ныг “Ган цөлжилтийн эсрэг дэлхийн өдөр” буюу ган цөлжилтөд ноцтой нэрвэгдсэн, ялангуяа Африкийн улс орнуудад, цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан өдөр юм. Өнөөдөр 197 орны хамарсан байгаль орчны олон талт хэлэлцээрийн нэг болох тус конвенц энэ жил нөхөн сэргээлтийн эерэг нөлөөг хэмжиж, түгээж, олон нийтэд сурталчлахыг чухалчилж байна.
Цөлжилт нь газрын доройтол юм. Газрын доройтол гэсэн энэ ойлголтыг томоо шүхрээр зүйрлэвэл ган, үер, хөрсний бохирдол, хөрсний гулсалт гээд доройтлын олон хэлбэрийн нэг нь цөлжилт. Нэрлэсэн эдгээр үйл явцаас ялгарах зүйл нь газарзүйн хувьд гандуу нутаг буюу орох хур тунадас нь усны ууршилтаас хэд дахин доогуур байх бүс нутгууд хамрагдана. Энгийнээр бол жилд дунджаар 200 мм хур тунадас ордог ч ууршилт нь 2000–4000 мм хүрвэл бүс нутгуудад илрэл доройтлын аливаа үйл явц цөлжилт болох юм. Цөлжилт яагаад хамгийн хүнд нь вэ гэвэл нэгэнт энэ цэгт хүрсэн тохиолдолд нөхөн сэргээхэд их нөөц шаардлагатайгаас гадна байгалиараа гандуу бүс нутагт ус, чийг, дулаан гээд олон нөөц нь хязгаарлагдмал тул тэнцвэрт хүргэх боломж бага.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын судалгаагаар нөхөн сэргээхэд зарцуулсан 1 ам.доллар нь хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд 30 ам.долларын үр өгөөж авчирдаг гэж үзсэн. Энэ нь хөрөнгө гуч дахин үржих гэсэн муйхар дүгнэлт биш харин үр нөлөөг мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэг хэлбэр юм. Газрыг нөхөн сэргээхэд шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг олон мэдлэгийг оролцуулдаг. Төдий чинээгээр бид хүмүүсийн боловсролд эерэг нөлөө үзүүлнэ. Огт үр тариа авахаа больсон тариалангийн газрын нөхөн сэргээснээр 1 тонн үр тариа авдаг болвол бид хүнсний хангамж, өлсгөлөн, ажлын байр, ядуурал гээд дахиад олон арван доллартой дүйхүйц эерэг нөлөөг авчрах боломжтой юм. Хөгжиж буй улс орнуудын хувьд энэ далд боловч хэн хүн мэдвэл зохих эерэг нөлөөллийг хүлээн зөвшөөрөх, ойлгох төдий чинээгээр бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал юм.
Ган, цөлжилтийн эсрэг өдрийг жил бүр нэг улсад тэмдэглэж олсон ололт амжилт, хүрсэн үр дүнгээ даян дэлхийд таниулдаг. Энэ жил энэ тэмдэглэлт өдрийн гол арга хэмжээг Колумби Улсад зохион байгуулж байна. Колумби улс Рио-де-Жанейрогийн гурван конвенцийн хүрээнд ард иргэд, орон нутгийн түвшний хамтын оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, ашиглалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал:
• Хамтын ажиллагааны хүрээнд хэн нэгнийг орхилгүй бүх талуудыг нэгтгэх бодлогыг нөхөн сэргээх томоохон төсөл хөтөлбөрийнхөө цөм болгон амжилттай хэрэгжүүлж байна.
• Газар тариалангийн онцгойлон анхаарч үр тариа, хүнсний бүтээгдэхүүний ашиглалт, уламжлалт таримлын арга барилыг эрүүл мэнд, боловсролын асуудалтай уялдуулан хөгжүүлэх бодлого баримталж байна.
• Газрын эрхийг онцолж нийгмийн бүлгүүд эзэн нь болж чадаагүй газар зөрчилдөөн үүсдэгийг онцолж байна.
Манай улс одоо доройтоод байгаа газруудыг нөхөн сэргээхээс гадна доройтлын шалтгаан болдог тариалангийн газар, хот сууринд ногооруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтын оролцоог сайжруулах зэрэг үйл ажиллагаагаар цөлжилтийн эсрэг Монгол Улсын баримталж буй бодлогыг биелүүлж чадна” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах