Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх