Цэс Close

Онцгойд зүтгэсэн хурандаа А.Дашням

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа Нийслэлийн онцгой байдлын газрын дарга А.Дашнямыг урьлаа.

Хэзээд бэлэн Онцгойгийнхон

Наадмын өмнөхөн Улаанбаатарт үер бууж сандаргав. Туул, Сэлбэ, Дунд гол эргээ халин далангаа сэтлэн үерлэсэн. Үерийн хохирлыг бууруулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалахаар цаг наргүй, амсхийх завгүй ажилласан нь онцгойгийнхон. Тэдний үүрэг, өргөсөн тангараг нь ийм. Зуны дэлгэр цаг, өвлийн дүн хүйтэн, гал, ус, үер, цас, борооны аюулд онцгойгийнхон үргэлж бэлэн. Түм буман таагүй явдлыг гарз, хохирол багатай даван туулахаар онцгой байдлын баг бүрэлдэхүүн амь биеийг үл хайрлан ажилладаг. Ард түмнээ амь настай нь, амьдрах сууцтай нь, мал ахуйтай нь, хүрээлэн буй орчинтой нь бүгдийг авран хамгаалахаар, урьдчилан сэргийлэхээр зүтгэдэг. Тиймдээ ч иргэд онцгой албатай онцгойгийн алба хаагчдаа хайрлаж хэзээд өмөөрч байдгийг олон ч жишээ харуулна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар  байгуулагдаад 19 жилийн түүхийг элээж байна. Мөрдэстэй байгууллага дундаа Онцгойгийнхон цэл залуу. Өөрсдийн чадавхаа бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж буй. Энэ зорилгоо, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлж 19 жилийн хугацаанд 28.3 мянган хүний амь нас, 816.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Залуухан байгууллага гэхэд одоо иргэд, олон нийтийн ар түшиг мэт санагдах болсон нь тэдний ажил, хөдөлмөрийн гавьяа. Харин тэр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж зөв менежмент, төлөвлөгөө боловсруулан ажилласан удирдлагуудын ажлын үр дүн юм. Тэдний нэг Нийслэлийн онцгойг зөв жишгээр удирдаж яваа хүн бол НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням билээ.

Онцгой байдлын тэнхмийн анхны багш

Аврагч тэмцээний цом, алтан медаль хүртэж байгаа нь.

Тэрбээр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Анх 1996 онд Цэргийн их сургуулийн харьяа ахлагчийн сургуульд анхны шүхэрчин аврагчаар бэлтгэгдсэн. Нийслэлийн байгалийн гамшигтай тэмцэх газарт ажлын гараагаа шүхэрчин аврагчаас эхэлжээ. Харин төд удалгүй офицерийн гараагаа эхлүүлэхээр Цэргийн их сургуульд элсэн орж 2001 онд сургуулиа дүүргэж Иргэний хамгаалалтын байгууллагын хуучин ангидаа аврах салбарын даргаар томилогдон ажилласнаар удирдах албан тушаалд ажиллах эхлэл тавигджээ.  ОБЕГ 2004 онд байгуулагдахад тэрбээр отрядын орлогч даргаас отрядын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад ОХУ-д Иргэний хамгаалалтын академид суралцахаар явж байжээ. Тэнд алба хаагчдаа сургахаар Монголын тал олон удаа хүсэлт явуулж байснаас 2008 онд ОХУ-ын Онц байдлын яамны  тухайн үеийн сайд Сергей Шойгу  хоёр хүн урилгаар үнэ төлбөргүй сургахаар шийдвэрлэсний нэгэнд нь хурандаа А.Дашням сонгогдон суралцжээ.

Аврагчаас ангийн захирагч хүртлээ дэвшиж ахлагчийн сургуулиас академид суралцахаар хилийн дээс алхсан түүнийг академиа амжилттай төгсөөд ирэхэд тухайн үеийн Онцгой байдлын удирдлага багшаар томилжээ. Учир нь Цагдаагийн академи дахь Онцгой байдлын тэнхимд зөвхөн галын чиглэлээр офицерууд бэлтгэн сургадаг байсныг гамшгийн бусад хичээлүүдийг заахаар өргөжүүлэн зохион байгуулснаар анхны багшаар нь хурандаа А.Дашнямыг томилсон байна. Үүнээс хойш тэрбээр Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, Нийслэлийн онцгой байдлын газрын  гамшгийн шуурхай хэлтсийн дарга , Газрын дэд дарга , Дорноговь аймгийн онцгой байдлын газрын даргаар тус тус тушаал дэвшин ажилласаар 2021 онд Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар томилогджээ.

“Багаа сонсдог, чиглүүлдэг дарга байхыг хичээдэг”

Авран хамгаалах үйлс бол багийн хамтын ажиллагааны үр дүн. Төлөвлөгөөг боловсруулах эхний шатнаас гүйцэтгэх шат хүртэл бүгд багийн ажиллагаа. Тэрбээр Онцгой байдлын албанд ажиллах хугацаанд аврах багийн хамт олонтойгоо 200 гаруй хүний амь насыг авран хамгаалах ажлыг өөрөө удирдан зохион байгуулж байв. Иргэдийн эд хөрөнгийг хамгаалсан, байгалийн гамшгийн үед ажилласан бүхнийг үнэлвэл том тоо гарах нь тодорхой. А.Дашням аврагчаас газрын дарга хүртэл ажиллаж явсных алба хаагчдынхаа тулгамдсан асуудал, бэрхшээлийг тун сайн мэднэ. Алдаагаа засаж, амжилтаа ахиулахыг эрхэм зорилгоо болгодог түүний ажлын үр дүн хэний ч өмнө тодхон, ажил хүлээн авснаас хойш болон энэ оны эхний хагас жил нийслэлийн хэмжээнд хариуцсан ажлаа хангалттай  үнэлгээтэй  дүгнүүлж тэргүүний байгууллагын нэгээр шалгарч ажиллаж байгаа нь үүний тод жишээ  юм.

Тэрбээр НОБГ-ын зургаа дахь дарга. Өмнөх үе үеийн дарга нарын удирдлагад ажиллаж байсан дарга бүгд миний дарга харин би цэрэг нь явлаа гэж онцлов. Тэрбээр “Үе үеийн дарга нарынхаа алдаа, амжилт аль алийг нь харж явсны хувьд амжилтыг нь ахиулж шат шатанд гардаг алдааг багасгахыг зорьж ажилладаг. НОБГ-ын даргаар томилогдож ирснээсээ хойш баг бүрэлдэхүүнийхээ дуу хоолойг сонсох, офицер , ахлагч бүрэлдэхүүн,   эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүний хүрээнд НОБГ-ын даргын дэргэд олон зөвлөлийг байгуулж тэдгээрээр дамжуулж тэдний хүсэл сонирхол, тулгамдаж байгаа олон асуудлыг сонсож  шийдвэрлэн ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь ахлагчийн зөвлөл. Ахлагчийн зөвлөлийн дарга нь НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүн болон ажилладаг. Ингэснээр ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж байгаа асуудал, хэрэгжүүлэхийг хүсэж буй ажлуудын талаар сонсож зөвлөлөөр дамжуулан ахлагчдаа идэвхжүүлэх, ажиллах таатай орчныг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Мөн НОБГ-ын алба хаагчдын 20 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс үүнтэй уялдуулан эмэгтэй алба хаагчдын зөвлөлийг байгуулж эмэгтэйчүүдийн ажлын байрны нөхцөл байдал, асуудал, бэрхшээлийг сонсоход анхаарч байна” гэсэн юм.

Мөрдэстэй байгууллагынхны ажлын ачаалал их. Ялангуяа халуун, хүйтэн, өвөл, зун, өдөр, шөнө харгалзалгүй дуудлага бүрт бэлэн байдаг онцгойгийнхны алба онцгойгоос онцгой. Хүндийг нь хэлбэл онцгой байдлын албанд ажиллах хүн тун ховор. Тиймдээ ч алба хаагчдаа урамшуулах нийгмийн асуудалд нь анхаарах зайлшгүй шаардлага бий. Энэ бүхнийг анзаарч ажлын даалгавар, амралт урамшууллыг хослуулах нь удирдагчийн мэдрэмж, чадвар юм. А.Дашням хурандаа гал усны гашуун зовлонгийн үед аврагчидтайгаа хамт ажиллаж явсны хувьд үүнийг бүрэн ойлгож дэмжжээ.

Орчин цагт тохирсон хэлбэрээр гамшгийн мэдээллийг түгээнэ

Улаанбаатар бол Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг том айл. Энэ том айлыг аюулаас авран хамгаалах ажил их. Нийслэл хотын газарзүйн байршил, хүн амын суурьшлаас шалтгаалан гамшиг, аюулын эрсдэл өндөр. НОБГ өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болсон өдөрлөг, сургалт зохион байгуулдаг арга барилаа өөрчилж иргэдийн өргөн хэрэглэдэг цахим сүлжээнд “Шар өвс шатахуунтай адил”, “Анхаарахад л болно доо” зэрэг нөлөөллийн аянг зохион байгуулсан нь маш сайн үр дүн үзүүлжээ. Тухайлбал, үер усны аюул, урсгал усанд осолдохоос сэргийлэх аянг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд усны осол анх удаа 17.5 хувиар гал түймрийн дуудлага 20 хувиар буурсан байна Энэ жил тэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй аялал, Эндэлгүй зун” аяныг зохион байгуулж байгаа. Цаашид иргэдийн ухаалаг утсанд нийслэл хотод болж буй эрсдэлт нөхцөл байдлын мэдээллийг анхааруулга болгон илгээдэг болохоор ажиллаж байгаагаа дурдлаа.

Гамшгийн үед иргэн бүрийн бэлэн байдал чухал

Онцгой байдлын алба хаагчдын техник хэрэгсэл, хангамж эхэн үедээ хангалттай байгаагүйг олон нийт сайн мэднэ. Усны гүнд баггүй, хэрэглэгдэхүүнгүй ёстой л нүцгэн гараараа, улаан биеэрээ тулдаг байсныг тэрбээр дурдаж одоо евро стандартын шинэ техник хэрэгслүүдээр хангагдсныг онцолсон юм. Энэ талаараа “Онцгой байдлын ачаалал их. Үүнийг дааж ажиллаж байгаа алба хаагчид ховор болсон. Өмнө нь техник хэрэгсэл нь ховор ч ажиллах хүн их байлаа. Одоо бол эсрэгээрээ. Өнөөдрийн байдлаар техник хэрэгслийн 60 гаруй хувийн хангалттай буюу Франц, Австри, Япон, Солонгос, Беларусь улсын олон улсын стандарт хангасан шинэ техник хэрэгсэл ашигладаг. Онцгой байдлын албанд хүний нөөц, ажиллах хүч том асуудлын нэг. Тиймээс алба хаагчдын цалин урамшуулал, нийгмийн хангамжид онцгойлон анхаарах шаардлага тулгарч байна” гэдгийг онцлов.

Дэлхий нийтэд үүссэн гамшиг ослын үед зөвхөн төрийн байгууллага биш иргэд мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран аюулгүй байдлаа хангаж аврах ажиллагаа, сэргээн босгох  ажлыг зохион байгуулдаг. Саяхны  болсон үерийн үеэр ч иргэд, ААН, байгууллагууд сэтгэл зүтгэл гарган хандив, дэмжлэг үзүүлж өөрсдөө оролцож байгаа нь Монголчуудын сэтгэлгээ, хандлага өөр болж байгааг харууллаа. А.Дашням “Төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагууд  хүч хэрэгслээ гарган хамтран ажилласан. Энэ бол том дэвшил. Цэргүүд нь иргэдээ хүндэлвэл ард түмэн  нь цэргүүдээ хайрладаг гэдэг.  Цаашдаа ч нэгдэж өөрийн болон өрөөлийн төлөө нэг санаагаар зүтгэвэл бид ямар ч гамшгийг даван туулах боломжтой. Цаашдаа ч нэгдэж өөрийн болон өрөөлийн төлөө нэг санаагаар зүтгэвэл бид ямар ч гамшгийг даван туулах боломжтой” гэдгийг тэрбээр онцолж байв.

Онцгой байдлынхан онцгой үүрэгтэй. Тэдний заавар зөвлөмж амин хувийн хүсэлт бус ард түмний амь нас, эрүүл мэндийн төлөө байдгийг санаж НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямын “Иргэний өөрийн төлөвлөлт, зохион байгуулалт хамгийн чухал. Гамшиг ослын үед авах арга хэмжээ, зөвлөмж хүний амиар бичигдсэн хатуу үнэнээс үүдэлтэйг санах хэрэгтэй” гэсэн үгээр энэхүү  нийтлэлээ өндөрлөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 143 (7128)

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах