Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2023 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2024 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газар 2017 оноос “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол Улсад дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2030 он хүртэл үргэлжлэх энэ төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд бид ард иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улс орны нийгэм, эдийн засагт учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг удирдан, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд онцгой анхааран ажилласан. Мөн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, штабын бэлтгэл, тусгай ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх, холбоо, зарлан мэдээллийг сайжруулах, үйл ажиллагаандаа инновацыг шингээх ажлууд бодитой үр дүнд хүрсэн. 2023 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 2024 онд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, онц чухал шаардлагатай салбарын чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөв батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна. 2024 онд Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, албаны үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад онцгой анхаарал хандуулах жил байх болно. Та бүхэн шинэ онд дэвшүүлж буй зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын аюулгүй байдлыг хангах ариун үйлсдээ өндөр амжилт гарган ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.” гэлээ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх