ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинарыг өнөөдөр /2020.08.08/ зохион байгуулсан юм.
Уулзалт, семинарт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан оролцлоо.
Уулзалт, семинарыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв.
Тэрбээр энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал гэв.
Мөн семинарт хүрэлцэн ирсэн удирдлагууд өөрсдийн сайн туршлагыг бусаддаа хуваалцаж, ажлаа нэг нүдээр харах нь чухал гэдгийг онцгойлон захисан юм.
Дараа нь Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2016-2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавив.
Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, үнэ тариф, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр ХСУХАТАҮЗ-ийн дарга Ж.Батсуурь илтгэл тавьсан юм.
Үргэлжлүүлэн уулзалтад оролцогчид “Аймгуудын төвийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, тулгамдсан асуудал”, Сумын төвийн хөгжилд “Нийтийн аж ахуйн байгууллага”-ын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ удаагийн уулзалтад салбарын 120 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх