Цэс Close

Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого зэрэг асуудлаар орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” уриан дор өнөөдөр /2025.05.02/ Улаанбаатар хотод зохион байгуулж буй тус зөвлөгөөнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, инженер техникийн 200 гаруй удирдах ажилтны төлөөллүүд оролцлоо.

Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төв суурин газрын нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, хүний нөөцийн хүртээмж тэдний нийгмийн баталгаа, шинээр нэвтэрч буй техник технологийн дэвшил, хууль эрхзүйн орчныг сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан хэлсэн үгэндээ "Нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал нь хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хүний нөөцийн дутагдал. Жишээлбэл, Барилгын тухай хууль 2016 оноос хойш шинэчлэгдээгүй. Мөн 21 аймгийн есөн аймагт төв цэвэрлэх байгууламж хийсэн ч шинэ цэвэрлэх байгууламжид ажиллах хүчний хомсдолтой байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Нийтийн аж ахуйн салбарын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжид захиалагчийн хяналт тавьж, барилга байгууламжийг ашиглалтад орсны дараа ашиглалтын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажилладаг.

2018-2022 онуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 9 аймгийн төвд хоногт 3000 ш.метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчилснээс гадна нийт 21 аймгийн 58 суманд иж бүрэн инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил хийгдсэн байна. Одоо Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламж, БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах 5 аймгийн цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 10600 орчим ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 2300 нь инженер, техникийн ажилтан байна. Мэргэжлийн инженерийн эрэлт хэрэгцээ дутагдалтай байгаа асуудлыг шийдэхээр салбарын яамнаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал орон сууц, чадавхжуулах сургалт хөтөлбөрүүд, сургалтын тэтгэлэг гэх мэт орон нутагт суурьших урамшууллын хөшүүлэг бий болгох замаар салбарын мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах арга замыг судалж ажил хэрэг болгож эхэлжээ. ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд Нийтийн аж ахуйн инженер, Ус хангамж ариутгах татуургын инженерийн сургалтад суралцах бүх хугацааны төлбөрийг дааж, гурвалсан гэрээгээр сургаж, төгсөөд ажлын байртай болох баталгаа бүхий салбарын сайдын нэрэмжит тэтгэлгийг бий болгож байгаа юм байна. Энэхүү хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн хэрэгжихээр бэлтгэл ажилдаа оржээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах