Цэс Close

О.Амартүвшин: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон 6-7 төрлийн татварын нэмэгдлийг цуцлах ёстой

/Өдрийн сонины 2021.02.04-ний дугаарт өгсөн ярилцлага/

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт, тэтгэврийн шинэчлэл тойрсон сэдвээр ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн. Зарим төрлийн татварыг өсгөсөн хуулийн зохицуулалт энэ оноос мөрдөгдөхөөр байгаа. Танхим татварын өсөлтөд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ гээд сүүлийн өдрүүдэд нэлээн олон хүн ярьж байна. Компани, аж ахуй нэгжүүд ч олон гомдол саналыг бидэнд ирүүлж байгаа. Энэ бол өнөөдөр хууль дүрэм нь гарсан зүйл биш. Монгол Улс 2016 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн үүрэг авсан байдаг. Энэ хүрээнд 2017 оны хоёрдугаар сард УИХ-аар ороод батлагдсан хууль байгаа. Үүгээр 6-7 төрлийн татвар болон шимтгэлийг нэмэхээр тусгагдсан. Үүн дотор нийгмийн даатгалын шимтгэл орж байна. Үндсэндээ 2018 оноос жил болгон шатлалтайгаар нэмэгдүүлэхээр байсан. 2020 оны тухайд төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавиад нэг жилээр хойшлуулсан. Ингээд 2021 оноос нэмэгдэнэ гэсэн ойлголттой яваад байгаа.

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай явж байгаа. Энэ алдагдлыг бууруулахын тулд иргэдээс татах татвараа өсгөж байгаа гэсэн агуулгаар тайлбарладаг?
-Тийм. Одоо явж байгаа Нийгмийн даатгалын сангийн хуримтлал нь тэтгэвэр авагч нартаа хүрэлцэж дийлэхгүй болчихоод байна. Тийм учраас хуримтлалыг нэмэгдүүлэх ёстой гэсэн үндэслэлээр шимтгэлийг өсөн нэмэгдүүлж байгаа.

-Шимтгэл, татварын өсөлт аж ахуй нэгжүүдэд ямар ачаа үүрүүлэх вэ?
-Энэ бол нэлээн том ачаалал. Компаниуд цалингаа нэмэх тусам зардал нь дагаж өснө. Хувь хүн дээр ч ахиу цалин орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ. Өнөөдөр эдийн засгийн хямралын үед аж ахуй нэгжүүд нь цалингаа тавьж чадахгүй байгаа тохиолдолд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхой санал оруулаад хойшлуулах асуудлыг ярьж байгаа. Гэсэн хэдий ч ковид хэзээ нэгэн цагт зогсоно. Үүний дараа энэ бүх татвар, шимтгэлийн өсөлтийг мөрдөөд эхлэхээр гарах зардал нь компанийн ачааллыг төдий хэмжээгээр нэмэгдүүлэх болно. Тэгэхээр энэ нэмэгдсэн татваруудыг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нэмэх гэхээсээ илүү аль болох зөв менежмент хийх, үр ашгийг сайжруулах шаардлагатай. Нөгөө талдаа, тэтгэвэр тогтоолгосон хүмүүс үндсэндээ 1980-аад оны дунд үе, 1990-ээд оноос ажиллаж байсантай холбоотойгоор тухайн үед цалингийн дүн бага байснаас хамаарч одоо авч байгаа тэтгэвэр нь нэлээн бага байна. Өнөөдрийн мөнгөн дүнтэй харьцуулах ямар ч боломжгүй. Үүнтэй холбоотой зөрүү үүсчихээд байгаа юм. Тэгэхээр энийг нэг удаа жигдрүүлэх, залруулах боломж бий гэж харж байгаа.

-Татвар, шимтгэлийг өсгөх замаар алдагдлыг бууруулах, цаашлаад тэтгэврийн тогтолцоог хэвийн түвшинд аваачих боломж хязгаарлагдмал. Нөгөө талаас өнөөгийн ийм хүндрэлтэй байдалд хүрэхэд төрийн бодлогын алдаа, хариуцлагагүй байдал гол түлхэц болсон. Цаашид хэрхэх вэ?
-Цаашид хувийн даатгалын санг л зайлшгүй оруулж ирэх шаардлагатай. Яахав, 2020 оны турш нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь хойшлуулах, тэглэх асуудлыг ковидтой холбоотой шийдсэн. Дахиад ирэх долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа. 350 мянган ахмад тэтгэвэр авч байна. Тэгвэл тэдний тэтгэвэр тавих зардлыг хаанаас гаргаж төлөх вэ гэдэг нь төрийн нуруун дээр ирж байгаа ачаа юм. Үүнийг бид олон талаас нь зөв харж, бодитой шинэчлэл хийхгүй бол энэ асуудал үеийн үед явна. Тэгэхээр эндээс гарах хамгийн сайн гарц бол хувийн тэтгэврийн санг бүрдүүлэх юм. Энэ нь өөрөө маш том хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр болж өгөх ёстой. Үүн рүү л зоригтой алхах нь асуудлыг шийдэх гарц болно.

-Тэтгэвэр өвлөгддөг байх, хөрөнгө оруулалт хийж болдог байх гэх зэргээр олон улсын жишигт нийцсэн зөв механизмуудыг нэвтрүүлэх шаардлагатай гэдэг?
-Хувийн хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангууд дэлхий даяар маш том, урт хугацаатай, хямд хөрөнгө оруулалтын голлох эх үүсвэр болж өгч байдаг. Бид тооцоог янз бүрээр хийж болж байгаа. Өнөөдөр бол төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. 1990-ээд оны үеийнхтэй харьцуулахааргүй болчихлоо шүү дээ. Тиймээс тооцооллыг хийж болно. Нэг хүн дунджаар 40 жил хөдөлмөр эрхэлдэг гэж үзвэл түүнээс хуримтлагдаж байгаа мөнгийг урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх замаар баяжуулах, өгөөжийг нь нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энд нэг зүйлийг хэлэхэд тэтгэвэр бол татвар биш юм. Бид өнөөдрийг хүртэл төсөв дээрээ суулгаж татдаг. Буцаагаад урсгал зардал санхүүжүүлээд явчихдаг байдлаас гарцаа байхгүй татгалзах ёстой. Өнөөдөр тухайн хүний ирээдүйдээ зориулж цуглуулж байгаа хуримтлал. Үүнийг өвлөгддөг, барьцаалж болдог, хөрөнгө оруулалт хийж болдог байх гэх зэргээр үр өгөөжийг нь сайжруулах маш олон орчин үеийн зөв менежментийг нэвтрүүлэх ёстой. Хувийн тэтгэврийн сан эрсдэл өндөртэй юм биш үү гэж яриад байгаа. Үүнийг бид даатгалтай уяж болно. Менежмент, засаглал нь ил тод, нээлттэй байх замаар үр ашгийг нь сайжруулж болно.

-Одоо бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулдаг. Гэтэл банк нь дампуурснаар нийтийн энэ мөнгийг хэрхэн гаргуулж авах, ямар албан тушаалтан хариуцлага хүлээх нь тодорхойгүй хохирол үүсч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?  
-Улс орнуудад Pension fund гээд сангууд янз бүрийн чиглэлээр ажилладаг. Улс орны суурь болох боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт руу урт хугацаатай хийх ч юм уу. Мэдээж хэд хэдэн чиглэлд хуваагдаж, зориулалт нь эрсдлээ бууруулахад чиглэгдсэн байх зэргээр өгөөжтэй ашигладаг. Ямар нэг байдлаар банкинд хадгалуулаад эргээд эрсдэл үүрдэг гэхээс илүү үр өгөөжөө өндөр байлгах үүднээс олон сонголт байгаа.

-Татвар, шимтгэлийн нэмэгдлийг ирэх долдугаар сараас мөрдлөө гэхэд энэ ачааллыг даах хэмжээнд эдийн засаг хэвийн болж чадах уу?
-2021 онд вакцинжуулалт хийгдэж байж ковидын нөлөө хэвийн болно. Дараа нь улс орнуудын хооронд хөдөлгөөн хэвийн болох ёстой. Тэгэхээр 2021 оны турш ковидоос үүдэлтэй өнөөгийн нөхцөл байдал хэвээр үргэлжлэх болов уу гэсэн таамгийг гадны томоохон судалгааны байгууллагууд гаргаж байна. Энэ хугацаанд аж ахуй нэгжүүд маш хүнд байгаа. Аль болох л татвар шимтгэлийг бага байлгах, өсгөхгүй байх, өшөө доош нь бууруулах чиглэлд бодлого гаргах байх гэж найдаж байна. Шинэ Засгийн газар энэ чиглэлд тодорхой санаачлагатай байж хуулийг өргөн барих болов уу. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан үеийн 6-7 татварыг бууруулах шаардлагатай. Үүн дотор үл хөдлөх, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халгаламжийн хүү дээр тавьсан татвар болгоныг бууруулах нь аж ахуй нэгжүүдэд маш том дэм болно.

Г.Бат

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах