Цэс Close

О.Баттулга: Итгэ, итгэх сайхан ч эргэж шалгах нь бүр сайн

“Дэндүү хариуцлагатай, тэр нь заримдаа төвөгтэй. Энгийн хийчих юмыг ч эргэж заавал гурав нягтална. Бас “мангаррр” үнэнч. Тулгаа “за” гэсэн бол санаа амар байж болно”.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын лабораторийн техникч, ахлах ахлагч О.Баттулгыг хамт олон нь ийнхүү тодорхойлов. О.Баттулга ажилдаа төдийгүй, стильдээ мөн чин үнэнч, яг голоор нь хоёр хагалдаг үснийхээ имижийг хэзээ ч өөрчлөөгүй аж. #Nematimes түүнийг онцлов.

Отгон-Очирын Баттулга. Улаанбаатарын унаган иргэн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005.6.23-ны өдрөөс хойш Гамшиг судлалын хүрээлэнд техникчээр ажилласан. Аж ахуйн нэгж, байгууллагын барилгын материал, мөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн гал түймрийн хэргийн газрын дээж, шатсан цахилгааны утас бусад зүйлийг шинжлэхэд дээж бэлдэх, сорьц хадгалах, кодлох үндсэн ажилтай. Үндсэн ажлын хажуугаар жижиг сажиг эрэг боолт чангалахаас эхлээд өрөө, танхим тохижуулах гээд оролцохгүй ажил гэж ер үгүй. Хамт олон нь ажлын хажуугаар хэсэг амсхийдэг хачин тухтай амралтын өрөө түүний бүтээл. Зочин гийчдээ оруулах, байгууллагаа танилцуулаад гаргах номын өргөөг ч тэрээр засварлаж, янзалжээ. Үгүй бүр, парадад жагсахад мөрдэс цоолох үүрэг ч гагцхүү түүнд л ногддог гэж байгаа.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэн З.Баттулга, О.Баттулга гэдэг хоёр Тулгаатай тул түүнийг О гэх. О энэ байгууллагад 19 жилийн турш ажиллахдаа галын лабораторийнхаа байнгын бэлэн байдал, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг стандартын дагуу 100 хувь хангаж иржээ. Ингэснээр Монголд ганцхан байдаг тус лабораторийг олон улсын стандарт хангаж, дөрвөн ч удаа магадлан итгэмжлэгдэхэд оруулсан хувь нэмэр нь асар өндөр. Дарга, инженерүүд ажлаа сольж, дэвшиж, орж гарч л байдаг бол харин тэр яг байрандаа. Бөмбөгөрийн, Нарантуулын гэх зэрэг томоохон гал түймрийн голомтод ажиллаж, Улаанбаатарт баригдсан 10-аас өндөр давхартай барилга бүрт ширхэгчлэн очиж ажиллажээ. О-гийн оролцсон “Улаанбаатар хотын өндөр барилгын судалгаа”, “Монгол Улсын стратегийн эрсдэлийн үнэлгээ”, “Барилгын материалын галын аюулгүй байдлын судалгаа”-ны үр дүнд үндэслэж эмнэлэг сургууль, цэцэрлэгийн барилгад шатамхай полиуритан хөөсөнцөр ашиглахгүй байх шийдвэр гарчээ. Энэ нь эмзэг бүлгийн иргэдийн гамшигт өртөх эрсдэлийг 30 хувиар бууруулах тооцоотой буянтай үйлс. Тэгэхээр О.Баттулга арын албаны “аврагч” аргагүй мөн ажээ.

О.Баттулга “Итгэ, итгэх сайхан ч эргэж шалгах нь бүр сайн” гэдэг зарчимтай ажилладаг. Учир нь түүний ажил гал түймрийн шалтгаан нөхцлийг тодорхойлох, буруутай этгээдийг олох, хохирол барагдуулах зэрэг бусдын амь амьдралтай салшгүй холбоотой. Тухайлбал, шүүхийн тогтоолын дагуу шатсан цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл зэрэг 3504 дээж, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын материалын 2707 дээж бүтээгдэхүүнд лабораторийн туршилт шинжилгээ хийлгэж бодит хариу хүргүүлж ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 6300 шинжлүүлж дүгнэлт гаргуулсан гэсэн үг. Ажилд орсон өдрөө хүртэл түгдрэлгүй санаж, хэлж байгаачлан бүх дээжийнхээ үүх түүхийг хүүрнэж чадах түүнийг хүрээлэнгийн амьд архив гэж болохоор. Эцэст нь түүний стильдээ үнэнч байдгийн учрыг олж мэдсэн. Түүний хэв маяг нь охинд нь таалагддагаас тэр. Аав хүн охиндоо таалагдахаас өөр юуг хүснэ гэж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах