Цэс Close

О.Бямбасүрэн: Энэ их олон баярыг архигүй тэмдэглэдэг болмоор байна

Донтолт судлаач, Клиникийн профессор О.Бямбасүрэнтэй ярилцлаа.    

-Архины асуудалтай хүмүүсийг эмчлэх сэтгэл заслын эмчилгээ манайд хэдэн оноос эхэлсэн бэ?

-1993 оноос эхлэн манай Сэтгэф нархологийн төв олон улсын JSC байгууллагатай хамтран олон улсад хэрэгжиж буй эмчилгээг нэвтрүүлсэн. Энэхүү сэтгэл заслын эмчилгээ нь тухайн хүндээ хүндэтгэлтэй ханддаг, асуудлыг нь шийдвэрлэхэд тусалдаг, ямар асуудалтай байгааг нь ойлгуулдаг, оношилгоог нь олон улсын хэмжээнд хийдэг. Ингээд түүн дээрээ тулгуурлаад сэтгэл заслын аргаа хэрэглэдэг гэсэн үг. Үүнээс өмнө бид уламжлалт аргаараа СЭМҮТ-д тасагт эмчилж байлаа. Ингээд эмчилгээ дууссаны дараа дүүрэг дүүргийнхээ нархологийн хяналтруу шилжүүлдэг байсан. Сэтгэл заслын эмчилгээ 14-21 хоногоор, өдрөөр эмчилдэг. Энэ эмчилгээг нэвтрүүлэхэд бидэнд олон улсын эрдэмтэд ихээхэн тус хүргэсэн. 1993 оноос бид бэлтгэл ажлаа хангаж гарын авлагаа нэн тэргүүнд бэлтгэсэн. 1994 оны гуравдугаар сараас сэтгэл заслын эмчилгээг 6 хүнтэй бүлгийн сэтгэл заслын аргаар эмчилж эхэлсэн. Ингэж явсаар 1996-1997 сэтгэл заслын эмчилгээ хэрхэн үр дүнтэй байгаа талаар судалгаа явуулахад 75-85 хувийн үр дүнтэй байсан. Эндээс сэтгэл заслын арга ямар үр дүнтэй байгааг харсан. Маш олзуурхууштай. Үүнээс хойш бүх дүүрэгтээ бид сэтгэл заслын аргаа хэрэглэж эхэлсэн.

-Тэр үеийн архины асуудалтай тоо хэмжээ хэр байсан бэ. Өнөөдөр ямар байгаа бол?

-1998 онд архинд донтох өвчтэй хүмүүс дунд үеийн шатандаа бйасан. 2005 онд ДЭМБ-тай хамтарсан судалгаа хийх үед архинд донтох өвчтэй хүмүүс 1000 хүн тутамд эрэгтэйчүүдийн дунд 20, эмэгтэйчүүдийн дунд 8 гэж гарч байлаа. Одоо энэ тоо нэмэгдэж байна гэх судалгаа байсан. Мэдээж нийгмийн байдал, ковидын дараах сэтгэлзүйн асуудлуудаас шалтгаалж архины хэрэглээ нэмэгдсэн байна. Тухайн үед хүмүүс сэтгэл заслын эмчилгээнд маш их хандаж байсан. Бид нийслэлээс 13 эмчийг, орон нутгаас 20 гаруй эмчийг сэтгэл заслын эмчээр сургаж байлаа. Өнөөдөр архи хэтрүүлэн хэрэглэгчид насанд хүрэгч дунд 52,8 нь хэрэглэж байна гэсэн судалгаа байна. Түүвэр судалгаагаар шүү дээ.

-Ер нь архинд донтох эмгэгийг хэрхэн оношилдог вэ?

-Архинд донтсон эсэхийг ердөө дөрөвхөн асуултаар оношилдог. Нэгдүгээрт, та ер нь архиа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу. Хоёрдугаарт, танай гэр бүлийнхэн чамайг архины хэрэглээ нэмэгдээд байна гэж хэлж дургүйг чинь хүргэж байсан уу. Гуравдугаарт, өглөө босоод архи уух бодолтой босч сэрдэг үү, тэрнийгээ олж уудаг уу. Мэдээж цаана нь 24,34 асуулттай тестүүд бий. 1950-аад оны үед Оросын эрдэмтэн хэрвээ архиар шараа тайлах л юм бол архинд донтох эмгэгийн гол шинж гэж үзэж байсан. Ингэж оношлоод архины асуудал нь гүнзгий юм байна гэж үзвэл дараагийн эмчилгээний шатруу явуулдаг. Ийм л зарчимтай байсан. Хамгийн гол нь манай сэтгэл заслын групп эмчилгээ маш үр дүнтэй байсан. Групп эмчилгээн орохоос хүмүүс бие биенээсээ суралцдаг давуу тал ажиглагдсан. Би ганцаараа биш юм байна, надад байгаа асуудал энэ хүнд ч байдаг юм байна гэж хардаг. Тэгээд үүнээсээ суралцдаг.

-Хүмүүс ярьдаг л даа, манай баяраас их юм алга гээд л...

-Тэр үнэн. Монголд баяр ёслол хэрээс хэтрээд байна. Тэр бүхнийг архитай тэмдэглэж байна. Баяр ёслолыг маш болгоомжтой тэмдэглэх ёстой. Энэ олон баяруудыг цөөлөх ч хэрэгтэй болов уу. Эмч бид ярьдаг юм, арай  хийж хэдэн хүнээ эмчлээд сэтгэлийг нь тавтай болгоод гаргахаар л ар араасаа баярууд хөвөрчихдөг. Ингээд нөгөө овоо эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн сэдлийг нь төрүүлдэг. Лангуу болгон дээр архи төрөл төрлөөрөө байна. Энэ бүхэн сэдээлт өгдөг. Бараг дэлгүүр бүр л архи зарж байна. Энэ бүхнийг эмх цэгцэнд оруулмаар санагддаг юм. Бүр судалгаа  ч байдаг ш дээ. Бүтэнсайнд уусан хүний 1 дэх өдрийн ажлын бүтээмж маш их буурдаг гэсэн судалгаа бий. Ер нь архи хэдхэн минутын дотор хүний бүх эд эсээр тардаг. Хүний уураг тархины төв хэсэгт дон үүсгэдэг төв байна. Энэ нь архийг давтан давтан хэрэглээд байх үед таатай мэдрэмж үүсгэдэг. Ингээд таатай мэдрэмж авах, эсвэл таагүй мэдрэмжээ дарах гэж хүмүүс архи хэрэглэдэг. Хүмүүс ярьдаг даа, ууж байгаад нэг мэдэхэд тасарчихсан байсан гэж. Тасарч байна гэдэг л донтох эмгэгийн шинж тэмдэг. Согтоод эхэлснээсээ хойшхи зүйлийг санахаа больчихдог. Энэ бол хүний ой тогтоол архиндаа хордчихсон байна гэсэн үг. Архинд донтох сүүлийн шатдаа ороод ирэхээр нойргүйдлийн шинж тод илэрнэ. Хар дарж зүүдэлнэ. Ингээд архины цагаан солио эхэлнэ. Хүний хэлснийг ойлгохоо болино. Өөрийгөө арчилж чадахаа болино. Донтох эмгэгийг сүүлийн шатанд ороод ирэхээрээ би хэнд ч хэрэггүй гэсэн гутранги үзэлтэй болдог. Тэрнээсээ болоод үргэлж уудаг. Ер нь энэ нийгэм донтолтгүй, архигүй, сэтгэцийн тулгамдсан асуудалгүй байвал эрүүлжинэ. Эрүүл нийгэм болно. Хүн гэдэг нийгэмдээ, хамт олондоо, тэр тусмаа гэр бүлдээ маш их чухал байдаг. Архины хамааралтай хүнээсээ болоод  гэр бүл нь сэтгэлзүйн дарамтад ордог, стресст ордог, бухимдалд ордог.

-Шартах шинж тэмдэг яагаад илэрдэг вэ. Элэг муу байхаар шартдаг гэх дам яриа байдаг шүү дээ.

-Шартах шинж яагаад илэрдэг вэ гэхээр архинаасаа хэд дахин буюу 20-30 дахин илүү хортой завсрын бүтээгдэхүүн буюу бодис хүний биед хуримтлагдчихсан байна гэсэн үг.

-Сэтгэл заслын эмчилгээнд орохдоо ямар шалтгаанаар түлхүү архины хамааралтай байдаг болсон байдаг юм бол?

-Архинд донтсон эмгэгтэй хүмүүсээс эхлээд судалгаа авдаг л даа. Эмгэг гэдэг дур хүслийг үүсгэдэг. Энэ олон баяр нөлөөлж байна. Төрсөн өдөр, төгсөлт, ажилд орсон баяр гээд л. Нэг архины асуудалтай хүн нөгөө хүндээ нөлөөлөөд байна. Мөн стресс бухимдлаа тайлах гэж архи уугаад байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах