Цэс Close

Парисын Олимпод зодоглох жүдочдын нэрийг зарлажээ

 Олон улсын жүдо бөхийн холбооноос “Парис-2024” наадамд барилдах тамирчдын нэрийг албан ёсоор зарлажээ.

Тэмцээнд таван тивийн 122 орны 378 жүдоч 15 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Үүний 192 нь эрэгтэй, 186 нь эмэгтэй аж. Эрэгтэйчүүдийн долоон жингээс 81 кг-д хамгийн олон буюу 33 тамирчин зодоглох бол +100 кг-д 23 бөх барилдах нь хамгийн цөөн юм. Тэгвэл эмэгтэй жингээс -78 кг-д 22 жүдоч барилдах нь хамгийн цөөн бол 48 кг-д хамгийн олон буюу 31 тамирчин өрсөлдөх юм байна.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

Парист 10-аас дээш тооны тамирчин илгээж буй 11 орон байна. Тодруулбал, Монгол, Бразил, Япон, Солонгос, Франц, Итали, Израйл, Гүрж, Герман, Нидерланд, Узбекистаны баг 10-аас дээш тамирчинтай Парист ирнэ. Үүнээс Франц, Япон бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчнаа сойно.

Олимпын жүдо бөхийн тэмцээний сугалаа энэ сарын 26-нд гарна. Харин энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ныг хүртэл тэмцээн үргэлжлэх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16:00 цагт, харин медалийн төлөөх барилдаан 22:00 цагаас эхэлнэ.

Парисын Олимп нээлтээ хийхэд ес, жүдогийн тэмцээн эхлэхэд 10 хоног үлдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах