Роббенийг Европын АШТ-д оролцуулах тухай хөлбөмбөгч болон дасгалжуулагч байр сууриа илэрхийлэв
37 настай жигүүрийн хагас хамгаалагч Арьен Роббен унаган клуб Голландын “Гронингэн”-д эргэн очоод эхний тоглолтдоо гэмтэл авч, зургаан сэр эмчилгээ хийлгэснийхээ дараагаар дахин талбайд гарлаа.
“Эммен”-ийг 4:0-ээр хожсон тоглолтод Роббен хоёр гоолын дамжуулалт өгч, урьдын адил хурдтай, хууралттай хэвээр байгааг харуулснаар Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Үүнийг харсан фанатууд түүнийг ирэх зун болох Европын АШТ-д оролцох шигшээ багтаа багтах ёстой гэж шаардаж эхэлжээ. Энэ талаар хөлбөмбөгч өөрөө ийн өгүүлсэн байна.
“Сүүлийн хэдэн сар би дахиад талбайд гарна гэж зүгээр л итгэж найдаж явлаа. Ингээд хүсэл маань биелж, “Эммэн”-ий эсрэг тоглолоо. Би зүгээр ч нэг тоглох бус 75 минутын тоглолтоосоо бүрэн таашаал авлаа. Багтаа туслах чадалтай байгаагаа ч мэдэрлээ.
Өнгөрсөн зун миний тархины нэг буланд Европын АШТ-ий тухай бодол төрсөн. Гэвч бараг боломжгүй зүйл гэж бодсон. Гэмтлийн улмаас бараг бүтэн улирлыг өнжсөн хүнд тийм найдвар бараг үлдэхгүй шүү дээ.
Гэхдээ намайг дуудвал мэдээж очно. Миний хувьд бол шигшээд дахин дуудагдах эсэх тухай Европын АШТ-д оролцох эсэх талаар яриа гарч байгаа нь өөрөө ялалт юм” хэмээн Роббен өгүүлжээ.
Арьен Роббен 2017 онд шигшээгийн багийн замналаа өндөрлүүлсэн. Тэрбээр “Улбар шарууд”-ын төлөө 96 тоглолтод гарахдаа 37 гоол оруулсан юм.
Ийм яриа гарсан нь Голландын шигшээ багийн дасгалжуулагч Франк Дер Бурын чихэнд хүрч, хариулт өгөхөд хүрчээ.
“Роббенийг дахиад тоглож буйг харах их сайхан байна. Хүнд гэмтлийн дараагаар талбайд гарах сайхан. Гэхдээ Роббен хамгийн сүүлд 90 минут тоглосон нь хоёр жилийн өмнө. Мэдээж, энэ тоглолтын дараагаар сэтгэл санаа нь сэргэж, фанатууд ч баярлах нь аргагүй. Гэвч асуудлыг зөв өнцгөөс харах хэрэгтэй. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл гэдэг. Гэхдээ одоогоор бол Роббенийг шигшээд дуудах боломжгүй гэж үзэж байна. Магадгүй Катарт болох ДАШТ-д оролцох боломж байж магадгүй” хэмээн Де Бур мэдэгджээ.
Европын АШТ зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 11-нд болно.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх