Цэс Close

Роналдогийн сонгож болох хоёр хувилбар

36 настай португал довтлогч Криштиано Роналдог энэ зун Италийн “Ювентус”-аас явж магадгүй гэх яриа улам эрчтэй түгсээр байна.

Хөлбөмбөгч өөрөө олон нийтийн сүлжээнд “Би Италид очсон зорилгодоо хүрлээ. Энэ аялалд хамт байсан та нартаа баярлалаа” гэх үг бичсэн нь Турины клубээс явахаа хэлж буй хэрэг ойлгоход хүрсэн.

“Ювентус” Массимилиано Аллегриг хоёр жилийн дараагаар эргүүлэн ахлах дасгалжуулагчаар тавилаа. Одоо Аллегри Роналдогийн талаар ямар байр суурьтай байгаагаас багагүй зүйл шалтгаалах биз ээ.

Тэгвэл Роналдогийн сонгож болох хоёр хувилбар буюу хоёр клубын талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Үүнд, 19 настайдаа Португалаасаа анх гарч очсон Английн “Манчестер Юнайтед” болон Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ий нэр голцуу дурьдагдаж байна.

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Оле Гуннар Сульшер “Хэрвээ буцаад ирэх боломж байвал би баяртай угтах болно” хэмээн мэдэгдсэн. Хоёр клуб тоглогчоор солилцоо хийж магадгүй байгаа тухай цуу яриа гарсан. Гэвч бас энэ наймаанд дургүйцэж буй ч хүмүүс бий. Тухайлбал, “Юнайтед”-ын домог Гари Невилл “Роналдо “Юнайтед”-ын хувьд сайхан дурсамж чигээрээ үлдсэн нь дээр, эргэж буцах хэрэггүй” гэж мэдэгджээ.

“Улаан чөтгөрүүд” Роналдог авбал Давид Де Хеаг зарах замаар цалингийн цэсээ хөнгөлж, португал хөлбөмбөгчийн өндөр цалинг төлөх боломжтой. Тэгээд ч маркетингийн хувьд Роналдо бол хамгийн зөв шийдэл гэдэг нь эргэлзээгүй.

Харин “Парис Сэн-Жэрмэйн”-ий хувьд бол Килиан Мбаппе энэ зун багаасаа явбал довтлогчийн байрлал дээр тоглогч гарцаагүй хэрэгтэй болно. Мауро Икардиг Криштиано Роналдогоор тулах гэж байна гэх яриаг аргентин довтлогч өөрөө үгүйсгэж, “Энэ бол худал мэдээлэл” гэж саяхан мэдэгджээ.

Роналдог цалинг гаргаж чадах маш цөөн клуб байгаа тул хамгийн өндөр магадлалтай нь энэ хоёр клубыг гэж хэвлэлүүд тооцож байна.

Криштиано Роналдо энэ улиралд “Ювентус”-ын төлөө 44 тоглолтод гарахдаа 36 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгсөн юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах