Роналдо португалчуудыгаа тэргүүнээ өндөрт өргөхийг уриалав
2022 оны ДАШТ-ий Европын бүсийн урьдчилсан хэсгийн Серб-Португалын шигшээ багийн тоглолт 2:2-оор өндөрлөсөн. Тоглолтын төгсгөлийн 90+4 дэх минутад Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо гоол оруулсан ч шүүгч тооцоогүй юм.
Үүнээс болж бухимдсан Роналдо хажуугийн шүүгч руу хашгирч, дургүйцлээ илэрхийлээд талбайгаас гарахдаа ахлагчийн туузаа шидсэн юм. Тоглолтын дараагаар Криштиано Роналдо хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзсан ч Португалын ард түмнийг өөдрөг байхыг уриалж олон нийтийн сүлжээгээр үгээ дайжээ.
“Миний амьдралын хамгийн сайхан, хамгийн том бахархал бол Португалын шигшээ багийн ахлагч байх. Би эх орныхоо төлөө өөрт байгаа бүхнээ зориулсаар ирсэн. Цаашид зориулсаар байх болно. Хэзээ ч би энэ зарчмаасаа ухрахгүй.
Гэхдээ бүхэл бүтэн үндэстнийг шаналгаж зовоох үе хэцүү үе тохиолдох юм. Тиймээс би та бүхнийг тэргүүнээ өндөрт өргөж, дараа дараачийн сорилтод бэлдэхийг уриалж байна. Урагшаа, Португал!” хэмээн Роналдо мэдэгдсэн байна.
Португалын шигшээ дараагийн тойрогтоо Люксембургтай тоглох юм.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх