Согог заслын техникчдийг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран бэлтгэнэ

Протез, ортопедийн эмч, согог заслын ортопедийн техникчдийг бэлтгэх сургалтыг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран зохион байгууллаа. Тодруулбал, “Нийслэл Ротари”, Хонконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавхи бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд манай улсад протез, ортопедийн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд болон Хонконгийн Ротари клубын гишүүн, хүүхдийн ортопед, согог заслын эмч Лию Кинг Лок, согог засалч Анн Вонг, Хонконгийн Ротари клубын гишүүн, Монголын сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шилла Пүрвэс нарын мэргэжилтнүүд оролцов.

Манай улсад бэлтгэдэггүй протез, ортопедийн эмч, согог заслын ортопедийн техникчдийг бэлтгэх сургалтыг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран зохион байгуулах юм байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дутагдалтай байгаа хүний нөөцийг хэрхэн бэлтгэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр харилцан ярилцлаа.
Сэтгэгдэл үлдээх