Цэс Close

Солонгон эдийн засаг хүсээд байгаа бол Танхимын хуулиа л батал, гишүүдээ

Цар тахал болон Орос, Украины дайнаас дэлхий нийтийн авсан нэг том сургамж бол аливаа улс орны эдийн засаг дотоодын дархлаатай, тамир тэнхээтэй байх тухай асуудал юм. Түүнчлэн улс орны эдийн засаг дархлаа сайтай байна гэдэг нь бизнес дэх төрийн оролцоо зохист хэмжээнээс халихгүй байх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа явуулах орчин эрүүл саруул байхтай холбоотой нь тодорхой харагдаж буй.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилүүдэд Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан сорилтуудыг даван туулахад ачааны хүндийг үүрч дүүрсэн ажил олгогч үндэсний компаниудад албан ёсоор талархлаа илэрхийлсэн нь зүгээр нэг үг төдий биш л дээ. Цаашид ч тулгамдаж болзошгүй олон олон сорилтыг туулж гарахын тулд дотоодын компаниудаа бизнесүүдээ улам илүү чадавхжуулах ёстойг ухаарсан өнцөг юм. Энэ үүднээс авч үзвэл нэн даруй хуульчлан батлах шаардлагатай хуулийн төслүүдийн эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэрлэх нь зүйтэй.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулсан уг төслийг Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжчихсэн байна.

Монгол Улсад хувийн хэвшил үүсэж, хөгжсөн 34 жилийн хугацаанд төр, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа зүй зохистой байсан гэж үзэхэд ихээхэн учир дутагдалтай. Бизнес эрхлэгчид дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа ч цөөн тооны том компаниудаас бусад жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд өсөж өндийхөд нэн шаардлагатай суурь орчин нөхцөл тааруу байсаар өдийг хүрсэн. Улс орнуудын жишээг харахад жижиг, дунд бизнесүүдийн эдийн засагт эзлэх хувь 80-90 хувь буюу өндөр байдаг бол манайд эсрэгээрээ.

Бизнесүүд торниж чаддаггүйн үндсэн шалтгаанууд нь татварын дарамт их, зээлийн олдоц бага, хүү нь “сөхөрч унамаар” өндөр, мэргэшсэн тогтвортой ажиллах хүч олдохгүй, төрийн байгууллагуудын хүнд суртал их, оролцоо нь хэтэрсэн, авлигад идэгдсэн байдаг гээд тоочоод байвал цөөнгүй. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй батлах нь олон жил үргэлжилсэн тогтолцооны гажгийг засах бодитой эхлэл болж, хувийн хэвшил өөрийн эрх ашгаа хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцааны эрх зүйн орчин тодорхой болох, улмаар улс орон урагшлан дээшлэхэд ихээхэн хэрэгтэй байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд зарим өөрчлөлт оруулсан ч асуудлыг сууриар нь авч үзээгүй юм. Хуулийг анх баталсан үетэй харьцуулахад 2022 оны байдлаар нийт үйлдвэрлэл 4.3 дахин, хувийн хэвшлийн тоо 1998 онтой харьцуулахад 10.5 дахин өссөн үзүүлэлттэй. Хурдацтай хөгжиж байгаа нийгмийн хөгжил, түүнийг дагасан эдийн засгийн орчныг 30 жилийн өмнөх хуулиар зохицуулж болохгүй нь ерөнхийдөө ойлгомжтой. Тэгээд ч шууд Оросын хуулиас хуулбарласан гэгддэг уг хуулийн зарим заалт манай нөхцөлд нийцэхгүй, хэрэгжихгүй явсаар өдийг хүрсэн байдаг.

Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах вэ?

Бизнес эрхлэгчдийг нийтэд нь аймаг, нийслэл, салбарын танхимаараа дамжуулан “нэгтгэсэн” Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн тогтолцоо бий болно. Өөрөөр хэлбэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшил төр хоёрын хоорондын харилцааны “гүүр” болно.

Бизнес эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байгаа мэт харагдах ч аж ахуйн нэгжүүд нэгдэж чаддаггүй, дуу хоолой нь нийгэмд болон төр засагт хүрдэггүй, дэмжлэг авдаггүй байдал энэ хуулиар засагдана. Өнөөдөр манайд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах маш олон байгууллага бий ч эв нэгдэлгүй, уялдаа холбоогүй, тусдаа “тоглолт” хийсээр ирсэн, төр засаг солигдоход дагаад өөрчлөгддөг тохиолдол түгээмэл байна. Ганцхан тоо хэлэхэд манай улсад 23000 төрийн бус байгууллага байгаагийн 3500 орчим нь бизнестэй холбоотой. Гэтэл 1600 гаруй аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад бизнестэй холбогдолтой бодлого, хууль, дүрэм журам, шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчдийн оролцоо дунд болон маш муу, муу байна гэж 80 гаруй хувь нь хариулжээ. Бодлогын чанартай зүйл дээр санал авахад эсрэг тэсрэг санал өгч байгаагаас гадна бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг тэдгээр байгууллагын шийдвэрийг нийтийг төлөөлөхгүй гэж үзсээр байгаа юм.

Энэ хуулийн төслөөр Худалдаа аж үйлдвэрийн танхим болон аймаг, нийслэл, салбарын танхимууд төрийн болон бусад байгууллагатай хэрхэн харилцахыг тодорхой заасан. Зөвлөл, хороо, комисс зэрэг төр хувийн хэвшлийн хамтын удирдлагын байгууллагын бүрэлдэхүүнд төлөөлөл оруулахаар зааж, дагалдах хуулийн төслийг хамтатган оруулсан нь яг тухайн салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчдийн санал бодлогыг тусгах, эрх ашгийг нь хамгаалах тал дээр үр дүнтэй зохицуулалт болжээ.

Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун ч ашигтай болно. Хүн хүчний хүрэлцээ муугаас сурч боловсрох зав хомс байгаа нь техник, технологи асар хурдтай хөгжиж, тэр хэрээр бүх зүйл шинэчлэгдэж буй энэ цаг үед ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэж буй. Тус танхим сайн дурын гишүүнчлэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд 6500 шахам аж ахуйн нэгж л нэгдсэн учир жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашиг хамгаалагдахгүй үлдэж байна.

Хуулийн шинэчлэл хийгдсэнээр Танхимаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулж, дэмжиж, үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмжийг өсгөх нөхцөл боломж бий болно. Салбар тус бүртээ нэгдсэн сургалт авах, гадаад, дотоодод үзэсгэлэн арга хэмжээнд оролцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Мэдээж үүнийг дагаад ашиг орлого, ажлын байр нь нэмэгдэх юм.

Манай улсын эдийн засгийн гол орлого уул уурхайн салбар дээр л тогтож байна. Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн бус экспортыг дэмжих үйл ажиллагааг салбарын танхим бодлого болгон явуулах боломж бүрдэнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч дангаараа экспортод бүтээгдэхүүн гаргана гэвэл төвөгтэй олон процессыг даван туулж байж асуудлаа шийднэ. МҮХАҮТ өнөөдөр аль ч улсын худалдааны танхим, төрийн болон иргэний байгууллагатай ижил түвшинд харилцаж чаддаг, чанарын болон тоон дэвшилд хэдийнэ хүрсэн бөгөөд хүчээ нэгтгэснээр тэдний дэмжлэгээр олон улсын зах зээлд гарах зам нээлттэй байна.

Жижиг, дунд бизнесийг томоохон аж ахуйн нэгжүүдтэй холбох, үүний үндсэн дээр харилцан ашигтай хамтран ажиллах суваг бий болох нь тодорхой. Ашиг орлогын хувьд хязгаарлагдмал нөхцөлд гадаад, дотоодод тендерт оролцох боломж хомс байдаг бол энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд нэгдэж ажиллах боломж мөн нээгдэх юм. 

Аль ч салбарт маш хүнд түвшинд байгаа зүйл бол мэргэжилтэй ажиллах хүчин олддоггүй, дөнгөж сургаж байтал гараад явчихдаг тогтворгүй байдал юм. Хуулийн шинэчлэлээр жижиг, дунд үйлдвэрийн инкубатор мэргэжилтэй ажиллах хүчнийг сургах дадлагажуулах, хүний нөөц бий болгох хөгжүүлэх тал дээр тодорхой зохицуулалтыг бий болгожээ. Эрэлттэй мэргэжилтэн, боловсон хүчний судалгааны үндсэн дээр хүний нөөцийн сургалт, судалгаа зохион байгуулах, зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах үйл ажиллагаанд төлөөлөл оролцуулахаар заасан байна.

Хуулийн хамгийн том нэг үр дүн нь үйл ажиллагааны чиглэлээр дагнасан салбар танхим байх явдал юм. Энэ нь бизнес эрхлэгчдэд төдийгүй төрийн үйл ажиллагаанд ч ашиг тустай. Үйл ажиллагааны салбараар дагнасан танхим бий болсноор тухайн салбарын бодлого зангидагдах бөгөөд төрийн бодлого боловсруулахад оролцохоос эхлээд төрийн байгууллагуудад салбарын нэгдсэн дуу хоолойг хүргэх хүчтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой болно. Тухайн төрлийн бүх бизнес эрхлэгчид нэгдсэн хүчтэй бүтэц бий болж, дундаа асуудлаа ярилцсанаар хамтдаа өсөн дэвжиж, эрх ашгаа хамгаалах боломжийн хувьд мэдэгдэхүйц дээшлэх юм.

Хууль батлагдсанаар салбар танхимуудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлж, тэдгээрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ. Үндэсний танхимын удирдлага хараат бус байх зохицуулалтыг хуульд хангалттай тусгасан байна. Аж ахуй эрхлэгчийн хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлах төв ажиллахаар заасан нь шүүхийн шатанд бизнесийн маргаан он удаж, цаг хугацаа, зардал мөнгө урсдагаас сэргийлэх, мөн мэргэжлийн хүмүүс шийдвэрлэх талаараа тун ч хэрэгтэй зохицуулалт болжээ. ХБНГУ, Франц, Япон, БНСУ, Казакстан зэрэг улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалж, олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан үзэж хуулийн төслийг боловсруулж үр нөлөөг нь сайтар тооцон гаргасан байна.

Бизнесийн орчин, төр хувийн хэвшлийн харилцаанд оршиж буй гажуудлыг арилгах хууль удахгүй нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль эдийн засагт маш том реформ хийх үндэс болно. Хууль батлагдсанаар бизнесийн орчин эрүүлжиж, хувийн хэвшил хүчирхэгжиж, аж ахуйн нэгж өсөн дэвжиж, хэрэглэгчид түүний үр шимийг хүртэж, төрийн бодлого шийдвэр ч зөв болно. Солонгон эдийн засаг хүсээд байгаа бол Танхимын хуулиа эхлээд батал аа, гишүүдээ. Хөгжлийн зөв замд орж, иргэдийн амьдралын чанартнөлөөлөх, эдийн засаг тэлэх чухал хууль чинь энэ юм шүү дээ.

 

Эх сурвалж: Баабар.мн

Нийтлэлч Д.Мөнгөндалай

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах