Цэс Close

Солонгос жүжигчид "шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр" Монголд иржээ

Солонгосын жүжигчин Жан Хёк, Ча Тэ Хён,  Хон Гён Ин, Кан Хүн болон дуучин Хон Гён Мин, Ким Жон Гүк нар JTBC телевизийн шинэ шоу болох “Монгол дахь шууданч нэвтрүүлэгт оролцохоор Монголд иржээ. Эдгээр жүжигчдийн дотроос Жан Хёкийг монголчууд сайн мэднэ. Тэрбээр 2000-аад оны эхээр “Сэргэлэн охин Ча Ян Сү” хэмээх олон ангит кинонд Хан Ки Тэ гэх дүрээр гарч байсан юм. Анх удаа үзэгчдэд хүргэхээр зорьж буй энэхүү энтертайнмент шоунд "Луу жилтнүүд" гэгддэг нас чацуу дээрх таван жүжигчин, тэднээс 15 насаар дүү жүжигчин Кан Хүн нар нийлж нэг баг болсон байна. Тавуул 1976 онд төрсөн эдгээр луу жилтнүүд өнгөрсөн нэгдүгээр сард цагаан сарын баярыг тохиолдуулан Ким Жонгүкийн YouTube сувгийн нэвтрүүлэгт оролцохоор цугларан ярилцаж байгаад  Ча Тэ Хёны сайн танил продюсер Ким Мин Сок руу утсаар ярьж, энэхүү шинэ нэвтрүүлгийн санааг хэлжээ. Продюсер ч үүнийг зөвшөөрсөн байна. Ингээд тэд багтаа хамгийн залуу нь болох жүжигчин Кан Хүн-ийг нэмж авчээ. Тэд дэлхийд хүн амын нягтаршил хамгийн бага орон болох Монголыг зорьж, хүн амын 30 хувийг эзэлдэг нүүдэлч малчдад шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр зорьсон бөгөөд сайтар судалж үзээд, дэд бүтэц амаргүй гэдгийг олж мэдсэн тухайгаа ярьжээ. Тэд эцэс төгсгөлгүй хээр тал, элсэн цөл, хадан хавцал, нуур цөөрөм дундуур мориор хүргэлт хийж энэхүү шоунд оролцох юм байна. Продюсер Ким Мин Сок хэлэхдээ "Энэ нэвтрүүлэг хийхийн тулд бид Монголд очиж судалгаа хийж хээр талаар явж үзсэн. Байгалийн байдал, хүмүүсийн хэрэглээ зэргээс хүргэлт хийх боломжтой газар гэж үзсэн” гэжээ. JTBC телевизийн энэхүү шинэ нэвтрүүлэг ирэх зунаас гарч эхлэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах