Цэс Close

Сонгуулийн тойрог ба жалга тойрсон улс төрөөс ангижрах нь

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн  бодлого хэрэгжүүлж буй. Өнгөрсөн 30 гаруй жилийн  алдаа оноог дүгнэж, улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг өөрчлөх гэж нэлээд алхамууд хийж байгаа.

Жилийн өмнө УИХ  Үндсэн хуульд өөрчлөлт оруулав.  УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн зэрэгцээ сонгуулийн холимог тогтолцоог сонгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог нэгмөр болгосон. Сонгууль бүрийн өмнө сонгуулийнхаа тогтолцоог өөрчилдөг байдлыг арилгасан.  Одоо харин сонгуультай холбоотой нэг асуудлыг цэгцлэх шаардлага бий. Одоо яригдаж буй гол сэдэв   УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоол. Уг тогтоолын төслийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор баталдаг хуультай. Том, жижиг тойргийн асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хичнээн сайн сонгуулийн тогтолцоотой болсон ч тойрог байгуулж, мандат хуваарилахдаа өмнөх шигээ хандаж,  жижиг тойрог байгуулбал сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөний үр дүн бага. Учир нь, жижиг тойрог нь сонгуульд мөнгө, нутаг ус, ах дүү хамаатан садангийн нөлөө орох боломжийг бүрдүүлдэг. Мөнгөтэй бол захын “бор халзан хонь” ч гараад ирэх боломж бүрддэг.  Мөн цаашлаад төсвийн мөнгийг тойрогтоо зарцуулж,  76 цоргоор үр дүнгүй урсгаж ирсэн буруу жишиг өөрчлөгдөхгүй. Түүнчлэн улс орны эрх ашгаас илүү тойргийн эрх ашигт нэгдүгээрт тавигдаж, улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэггүй. Тиймээс тойргоо томсгох нь “Шинэ сэргэлт” хэмээх одоогийн Ерөнхий сайдын яриад байгаа бодлого хэрэгжихэд дөхөм болох буй за.

2020 оны УИХ-ын сонгуулийг 29 тойрогт хуваан зохион байгуулсан. Энэ нь ч хангалттай тойрог биш гэсэн үг. Тиймээс энэ удаад УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

УИХ заавал хуулийн хугацаанд шахагдахгүйгээр энэ онд багтаан тойрог байгуулж, мандат хуваарилах тогтоолын төслийг батлахаар төлөвлөөд байна. Эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулах санаачилга гаргаж эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн “Жижиг тойргийн зовлонгоос салахгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тиймээс тойргийг томруулмаар байна. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгийг нэг болгох хэрэгтэй. Тэгвэл тэнд эрчим хүч, автозам, хилийн боомтын асуудал нь шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр байгуулж байж улс орны өмнө тулгамдаж байгаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхгүй бол жалга тойрсон асуудлуудаа ярьдаг, нэг нэгэн рүүгээ дайрч давшилсан, захиалга өгч хэвлэлээр намнуулдаг улс төр Монголоос салахгүй нь. Монголчууд маань нэгдэж улсын хэмжээнд асуудлуудаа шийдэж байж хөгжинө” гэж хэлсэн нь ортой үг юм.

Ч.Хүрэлбаатар сайдын энэхүү саналыг УИХ-ын дарга дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж тойргийг томсгох асуудлыг энэ сард багтааж хэлэлцэх шаардлагатай талаар хэлсэн.

УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулах энэхүү санаачилга нэлээд эрчээ авч байна.  УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бүлгийн ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж,   УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулахыг дэмжжээ. Гэхдээ “Үндэстний онцлогтой учраас Баян-Өлгийг тусад нь авч үзэх хэрэгтэй гэж бүлгийн хурлын үеэр ярьсан  байна. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар байгуулах асуудлыг судалж, бусад намтай зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буй.

Ерөнхий сайд бөгөөд намын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, нийгмийн сегмент бүрийн төлөөлөл, олон нам парламентад сонгогдох боломжийг бүрдүүлж, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн хуулийг өөрчилдөг асуудлыг эцэс болгож, сонгодог парламентын засаглал төгөлдөржиж, шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрмийг тогтоож чадсан.

2023 оны улсын төсвийн реформын гол концепц нь тойрог шүтсэн төсвийн тогтолцоог халж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, улсын төсвийг төлөвлөж, санхүүжүүлдэг тогтолцоонд шилжиж, үндэсний хэмжээнд нийгэм эдийн засгийн үр өгөөж, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлаж, шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн төслүүдийг үр ашигтай дуусгах зорилт байсан.

2024 оны улсын төсөв бол УИХ-ын тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж, өнөө маргаашийн эрх ашиг бус, хөгжлийн ирээдүйн бодит зорилгын төлөө нэгдэхийг уриалж байна” гэжээ.   Хэрэв энэ бодит болж дэмжигдвэл бид жалгын улс төрөөс ангижирч, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд хамгийн дөхөм хувилбар болох юм. Өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлж,  тойрогт хэт төвлөрсөн улсын төсвийн тогтолцоо өөрчлөгдөж, мега төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ.

Тойрогт  дархлагдсан орон нутгийн нэг сураггүй гар гарч ирээд дураар дургих боломжгүй болно. Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдаж, хотын хэт төвлөрөл, агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлууд шийдэгдэх, хөдөө орон нутагт хөгжлийн төслүүд хэрэгжих боломжтой болно. Ер нь бол бидний багад л яригддаг байсан хот, хөдөөгийн ялгаа гэдэг чинь утгаараа алга болох хамгийн том боломж чинь энэ л юм биш үү. Манай улстөрчид дахин сонгогдохын төлөө  алгын чинээ тойрогтоо төсвийн мөнгийг суулгах гэж хэрэггүй төслүүд  рүү шахаа хийдэг  жалгын жижигхээн улс төрд  бүсчилсэн тойргийн хувилбар цэг тавьж, жинхэнэ утгаараа хөгжил ирэх үүд нээгдэх боломж  юм биш үү.

                                                                                              Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах