СОР17 бага хуралд Арабын нэгдсэн Эмират улстай хамтарна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Олон улсын байгаль хамгаалах холбоо (ICUN)-ы Дэлхийн байгаль хамгааллын конгресс болж өндөрлөв. Арабын энэ халуун улсад дэлхийн 35 орны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар болоод орон, орны 10.000 гаруй зочид төлөөлөгч оролцсон нүсэр том арга хэмжээ болсон нь нэн онцлог байлаа. Энэхүү онцгой чухал, дэлхийн байгаль хамгааллын төлөө хүн төрөлхтнөөрөө нэгдэн эвсэж нэгэн дээвэр дор цугладаг уг арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар яамныхаа баг бүрэлдэхүүнийг оройлон бүтээлчээр оролцов.
Мөн ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” /СОP-17/-ын зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх болон мэргэжилтнүүд оролцсон юм. Дэлхий ертөнцөд байгалиа хамгаалах, авч үлдэх чамгүй сорилт бүх цаг үед тулгарч ирсэн бөгөөд үүний төлөө хүн төрөлхтөн шамдаж, нэгдэж, нэгнээсээ суралцаж, дэмжлэг авч ногоон үзэл санааны дор нэгдэн чуулдаг энэ том конгресст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ногоон үзэл санаа, үнэт зүйлийн эрмэлзэлт ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцож, СОP-17 хурлаа сурталчлахын зэрэгцээ, хурлыг үр дүнтэй, бүтээлч зохион байгуулахын тулд олон талт уулзалтуудыг хийж, уулзалт бүрээ амжилттай болгох, улмаар сайн үр дүнг авчрахын төлөөх эрмэлзлээр цаг нартай уралдаж байв. Олон улсын байгаль хамгаалах холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Швейцарийн холбооны улсын хөгжлийн хамтын ажиллагааны Байгаль орчныг хариуцсан дарга зэрэг нэр хүндтэй, дэлхийд оройлон манлайлах нөлөө бүхий олон байгууллагын тэргүүлэх удирдлагууд, Катар, ОХУ, Армени, Казахстан, Ботсвана, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны сайдуудтай уулзаж, өргөн хүрээний яриа өрнүүлж, тодорхой дэмжлэгүүдийг амлуулж, Монгол Улсын байгаль хамгаалах бодлогын чиглэлд бодит дэмжлэгүүд авах олон хэлэлцүүлэгт оролцож, тайлбар таниулгыг хийж, зарим чухал санамж бичгийг байгуулсан юм.
Сэтгэгдэл үлдээх