Г.Бадамцэцэг: Хүний биед спирт дутагддаггүй, энэ бол архи уухыг хүссэн хүслээ эвтэйхнээр илэрхийлсэн хэлбэр
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Хүн амын дундах архины хэрэглээг судалгаагаар хэрхэн үздэг вэ?
-Архи согтууруулах ундааны хэрэглээний түвшинг 5 ангилдаг. Үүнд, огт хэрэглэдэггүй, эрсдэл багатай хэрэглээтэй, аюултай хэрэглээтэй, хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ болон архинд донтох өвчин гэж 5 ангилдаг.
Энгийнээр хэлбэл огт хэрэглэдэггүй бүлэгт 18 хүртэлх насныхан, жолооны ард сууж байгаа болон жирэмсэн эх, архи согтууруулах ундааны харшилтай болон эмийн эмчилгээ хийлгэж байгаа мэс засалд орох гэж байгаа хүмүүс багтдаг.
Эрсдэл багатай хэрэглээтэй бүлэгт сардаа нэг болон жилдээ 2-3 удаа архи хэрэглэдэг хүмүүс багтана. Хугацаа ойрхон, давтамжтай хүмүүст долоо хоног бүр эсвэл архи уух боломжийг бий болгодог хүмүүс ордог. Харин архи согтууруулах ундааны хэрэглээ нь аюултай түвшинд очсон буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг хохирол оруулдаг хүмүүс багтана. Архины архаг хэрэглээтэй буюу архинд донтох өвчтэй хүмүүсийн хувьд эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй, архины хэт хамааралтай хүмүүс ордог гэж үзэж болно.
-Манай улсад архины хэрэглээ залуужиж байгаа гэх мэдээлэл бий. Залуу өсвөр үеийнхэнд зориулсан соён гэгээрүүлэх ямар ажил хийж байна вэ?
-НЭМҮТ-өөс 21 аймгийн Эрүүл мэндийн газар, сум өрхийн Эрүүл мэндийн төвтэй хамтарч “Архигүй амьдралыг цогцлооё” гэсэн үндэсний аяныг зохион байгуулж байна. Мөн жил бүрийн 9-11 дүгээр сард оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг өрнүүлдэг. Тус аяны хүрээнд өсвөр үеийн оюутан залуучуудад архи согтууруулах ундааны хэрэглээнийн хор уршгийг таниулсан мэдээлэл сурталчилгааг хүргэн ажиллаж байна.
-Архидалттай тэмцэх олон ажлыг шат дараатайгаар явуулдаг. Үүний үр дүнд архидалт буурдаг уу . Энэ талаарх судалгаа юу гэж гардаг вэ?
-Архидан согтуурахтай тэмцэх, архины хор хөнөөлийн талаар олон нийт мэдээлэлтэй болж, архинаас татгалзах нь мэдээж эерэг үр дүнтэй байна. Яг нарийн судалгаа одоогоор хараахан гараагүй байна. 2019 онд халдварт бус өвчний тархалтын судалгаа хийсэн. Харин дараагийн судалгаагаар дээрх ажлын үр дүнг харах боломжтой.
-Хүний биед спиртийн дутагдалд орох зүйл байдаг уу?
-Хүний биед ус дутагдахад ам цангаж, уруул хуурайших шинж тэмдэг илэрдэг. Харин хүний биед спирт дутагдсаныг илчлэх ямар нэгэн процесс байдаггүй. Товчхондоо хүний биед спирт дутагдана гэж байдаггүй. Зүгээр л архи уухыг хүссэн хүслээ эвтэйхнээр илэрхийлэх гэж л хүмүүс иймэрхүү ор үндэсгүй шалтаг, тайлбарыг бий болгосон гэж болно. Тиймээс өсвөр үеийн хүүхэд залуучуудад хандаад хэлэхэд бусдын нөлөөнд автаж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
-Хорт зуршлаас салахын тулд иргэд ямар алхам хийх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн өөрчилж болох хүчин зүйлд архи, тамхи, эрүүл зөв хооллолт болон дасгал хөдөлгөөн ордог. Хүн өдөрт 30 минут алхах, өглөө босоод нэг аяга ус уух, хоолныхоо илчлэгийг тооцох зэргийг иргэд маань мэддэг. Гэвч мэдлэгээ хандлага болгох, дадал болгох зуршлыг тухайн хүн өөртөө суулгах хэрэгтэй. ДЭМБ-аас халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг даван туулахын тулд хүнд 25 сарын хугацаа хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан байдаг. Жишээлбэл, хүн өглөө эрт босох эсвэл өдөрт 30 минут алхах зэрэг ямар нэг энгийн дадал хэвшлийг гурван долоо хоногоос дээш хугацаанд өөртөө хэрэгжүүлж чадвал түүнд дадал болж чадахын илрэл. Тэгэхээр архи согтууруулах ундаанаас татгалзахын тулд өөртэйгөө ярилцах, өөрийгөө ялан дийлэх болон гэр бүл, найз нөхдийн дэмжлэг асар их чухал нөлөөтэй.
-Архи огт уухаа болиход хүний бие ямар хугацаанд бүрэн эрүүлжих вэ?
-Архи согтууруулах ундаа олон жил хэрэглэсэн хүний бие тэдгээр бодис тухайн хүний архи согтууруулах ундааг хэрэглэхээ больсоноос биеэс нь гарахдаа асар их хугацаа шаарддаг. Жишээлбэл, тамхи татдаг хүний уушигний сорвижилт уушгинд үүссэн эдийн өөрчлөлт 10-15 жилийн дараа өөрчлөгдөх процесс явагдаж эхэлдэг. Үүнтэй ижил халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн хорт зуршлууд тухайн хүний бие махбодид удаан хугацааны турш үүссэн байдаг бөгөөд үүнээс салахын тулд тухайн бие махбодь тодорхой хугацааг туулж байж эрүүлжих зам руу ордог.
Сэтгэгдэл үлдээх