Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагаандаа процессын дахин инженерчлэл хийсэн тайлангаа танилцууллаа

Стандарт, хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл (ПДИ) хийсэн ажлын үр дүн, хамтарсан тайланг өнөөдөр танилцууллаа.
Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Систем арт венчурс” ХХК, “Ай Эм Эс Эй” ХХК хамтран гүйцэтгэсэн энэхүү шинэчлэлийн зорилго нь төрийн үйлчилгээг түргэн, үр дүнтэй, ил тод хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, давхардал, авлигын шалтгааныг арилгах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Тайлангийн хэлэлцүүлэгт Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба, “Ай Эм Эс Эй” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Баярмаа, “Систем арт венчурс” ХХК-ийн ахлах зөвлөх Ц.Мөнхтуяа болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, процессын дахин инженерчлэлийн судалгааны үр дүн болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Засгийн газрын тохируулагч агентлаг – Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.
ПДИ-ийн судалгаа, шинжилгээг хэрэгжүүлснээр тус байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хялбаршуулан шуурхай хүргэх зэрэг олон талын давуу тал бий болох боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх