Сумдын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ
Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөц дэх 10,200 тн, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ.
Мөн хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгав.
Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа. Мөн нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
Түүнчлэн арилжааны банкууд дахь малчдын 1.3 их наяд төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг 1 жилээр хойшлуулж, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх