Сүрчиг шиг ер бусын үнэртэй Хадран загас
Уншигч та бүхэнд сүрчиг шиг ер бусын үнэртэй Хадран загасны талаарх мэдээллийг танилцуулж байна.
Далайн түвшнээс дээш 2000-2300 метрийн өндөрт орших хүйтэн уст нууруудад тархан амьдардаг уг загасны биеийн урт 30-50 см, жин 6 кг хүрдэг. Хүмүүст “Хариус” нэрээр танигдсан Хадран загасны нурууны сэлүүр нь урт өндөр, хурц тод өнгөөр солонгорсон, яг л дарвуулт завь шиг хэлбэртэй. Түүнчлэн нарлаг сайхан өдрүүдэд хадран загас уснаас дээш үсэрч солонгорсон өнгөтэй нурууныхаа сэлүүрийг гялалзуулах нь дуу алдам үзэсгэлэнтэй харагддаг.
Хадран загаснаас тунгалаг усны сэрүү татам, байгалийн гаралтай сүрчиг гэмээр ер бусын үнэр ханхалдаг. Тиймээс Европчууд уг загасны латин нэршлийг “Тималлус” буюу махнаас ялгарах зэрлэг ганга өвсний анхилуун үнэр гэсэн утгатай үгээр нэрлэжээ. Хадран загас нь гэнэтийн аюул осолтой тулгарсан үедээ нүдэнд ч үзэгдэлгүй маш хурдан зугтаж алга болдог учраас Францчууд түүнийг “Ломбре” буюу “Сүүдэр” хэмээдэг. Хадран хаврын улиралд усны темпратур +4-өөс +6 хэм болоход үржилд орж эхэлнэ. Энэ үед эр нь илүү гоёмсог, хурц тод өнгөтэй болдог бөгөөд үржлийн талбайгаа хамгаалдаг.
Мөн сэлүүрээ хөдөлгөн, усыг эргэлдүүлснээр эр бэлгийн эс буюу сун нь урсгалд зөөгдөлгүй, шууд түрсэн дээр тусах боломж бүрддэг байна.Эм хадран насны онцлогоос хамаарч 12-365 мянган түрс голын хайрга, чулуутай хэсэгт шахдаг. 5-6 насандаа бэлэг боловсорч 4-5 дугаар сарын дунд үе хүртэл эвцэлд ордог байна. Голлох идэш тэжээл нь бүх төрлийн шавж хорхой, чийгийн өт, эмгэн хумс зэрэг юм.
эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл үлдээх