Цэс Close

Сү-г барьж идэх нь ээ...

“Сү.Батболдын үед сайхан байжээ” гэж шүүрс алддаг монголчууд олон шүү дээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд монголчууд амны хишигтэй байлаа. Монгол улсын  эдийн засаг түүхэндээ анх удаа  17.3 хувьд хүрсэн юм. Дэлхийн дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг Монгол давж гарсан нь энэ.

Сү.Батболдын үе хүртэл монголчууд хязгаарлагдмал эдийн засагтай, гадны хөнгөлттэй зээл тусламж, өөрийн жаахан төсвийн хөрөнгөөр л үйл ажиллагаа явуулж байв. Үсрэнгүй хөгжих тухай ойлголт байсангүй. Засгийн газар нь баталгаа гаргаж болохгүй, Засгийн газар нь арилжааны зээл авч болохгүй тийм л цаг үе. Улс орны энэ бүх хүнд нөхцөл байдалд эцэс тавьсан түүнийг өнөөдөр хэсэг бүлэг хүн барьж идэх нь ээ... “Юмыг өнгөрөөж сур” гэсэн зарчим Сү.Батболдод үйлчилдэг юм шиг байна. Түүнийг Ерөнхий сайд байхад их гоочилж бичдэг байлаа. “Аль тэр эдийн засгийн өсөлтийн чинь 17 хувь, ард түмний амьдрал ядуу байна, аж ахуй нэгжүүд зүдэрч байна” гээд л хуцдагсан. Тэгсэн үлгэрийн юм шиг өсөлт байсныг өнөөдрийн өндөрлөгөөс мэдэрч, “Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэдэв” гэгч болсон хүмүүс сууцгааж байна даа.

Цаг хугацаа олон үнэнийг тодорхой болголоо. 2008 оны 7 сарын 1-ний  жагсаал цуглаан, хэрэг явдал бол үнэн чанартаа ард түмний бизнес хийх эрх чөлөөний төлөөх тэмцэл байсан нь одоо ойлгогдож байна. Нийгмийн тэмцлийн шинэ давалгаа байж. Барууны ертөнц эхэн үедээ энэ жагсаалыг дэмжсэн мэдэгдлүүд хийж байсан юм шүү. Гэвч хүний амь нас эрсдсэн, Онц байдал зарласан. Энэ мөчөөс эхлэн гурав дахь хөршүүд ардчиллын баян бүрд гэдэг Монголыг муухай харж эхэлсэн. Тэдний муухай харалт бол эдийн засгийн агшилт. АНУ, Япон тэргүүтэй олон орон Монголд ардчилал устаж эхлэв үү гэсэн болгооомжлол руу чиглэсэн. Энэ бүгдийг засч залруулах, нэр хүндээ эргүүлж авах нь 2008 оны сонгуулиар байгуулагдсан Монголын Засгийн газрын чухал ажил байлаа. Чухам яаж гэхээр Оюу толгой байсан юм. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол тухайн цаг үед Монгол Улсыг дэлхийд огт өөрөөр дахин харуулах үйл явц болсныг өнөөдөр хэн ч 7 сарын 1-ний хар уналттай холбон тайлбарлахгүй байгаа юм. Ийм л эгзэгтэй цаг үеийн залгаас, түүхэн цаг үед Ерөнхий сайдаар томилогдсон хүн бол Сү. Батболд.

Ерэн оны дараах хүнд он жилүүдэд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэрхэн авч явах үүргийг Дашийн Бямбасүрэн гуай хүлээж, Монголын арыг даасан бол, 2008 оны тэмцлийн хурц хэлбэрийн дараах Монголын хувь заяаг үндсэндээ Сү.Батболд дааж гарсан юм. Яг ингэж харж, ингэж ойлгох цаг одоо болжээ. Сү-гийн энэ үнэ цэнийг ард түмэнд сануулахгүй бол түүнийг барьж идэхэд бэлэн, нийгэмд муухай харагдуулах зорилготой бүлэглэл хэдүйн ажилдаа орж, гадна дотногүй үймүүлж эхэллээ.

Тухайн цаг үеийн Монголын гадаад нөхцөл байдал, нэр хүндийн уналтыг дотооддоо мэдрүүлэхгүй авч гарахыг зорьсон хүн бол Ерөнхий сайд Сү.Батболд мөн. С.Баяр үнэхээр зүтгэж Оюутолгойн гэрээг байгуулж Олон улсад Монголыг сэрээсэн. Гэвч С.Баярын бие хүндэрсэн. Эхлүүлсэн их ажлынхаа ачааллыг цаашид даах чадал С.Баярт үнэндээ байгаагүй. Монголыг дааж үлдэх, цааш нь авч явах чадалтай аавын хүү түүнд хэрэгтэй болсон. Мэдээж түүнд хүмүүс түм бумаараа байсан. Гэхдээ Сү. Батболдод Монголын арыг даалгасан юм. Энэ бол Монголын хувь заяа. Бүх цаг үеийн түүхэнд  Монголын арыг дааж гардаг аавын хөвгүүдээр Монгол дутаж яваагүйн нэг жишээ байлаа.

Монголын баялаг дэлхийн анхаарлыг татаж, хоёр хөрш хийгээд барууны өндөр хөгжилтэй орнуудын эрх ашгийн огтолцол, давхцал дээд цэгтээ хүрсэн тийм цаг үед ачааны хүндийг Сү.Батболд үүрсэн түүх ингэж эхэлнэ.

Монголын эдийн засаг 2011 онд эрчимтэй өслөө.  Маш ихийг шингээх чадвартай, маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай болжээ гэж үзсэн Ерөнхий сайд Сү.Батболд эрх зүйн  орчиндоо өөрчлөлт хийж, гаднаас арилжааны зээл авдаг, дээрээс нь Засгийн газар арилжааны том төслүүдэд баталгаа гаргадаг орчныг бүрдүүлж чадсан юм. Манай улсын макро  эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бага орлоготой орноос дунд орлоготой орон болох түвшинд хүрэв. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 3460 ам.долларын босгыг давлаа.  Монголын зээлжих зэрэглэл өссөнөөр гадаад орчинд таатай нөхцөл байдал бүрдэж, Олон улсын байгууллага, бусад улс орнууд манайд  арилжааны зээл өгч эхлэв. Санхүү эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байсан манай орон өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаа явуулснаар Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн билээ. Сү.Батболдын удирдсан хамтарсан Засгийн газрын үед Монгол Улсад ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор  буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн нь эргэлт юм. Энэ бүхэн үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо  худлаа ярьдаггүй билээ.

 Өнөөдөр Сү.Батболдын туулсан замналд дүгнэлт хийдэг хүмүүс их болж. Нүүр тулж нэг үг ч сольж үзээгүй хүмүүс түүний талаар их ярихыг сонслоо.  Их энгийн үнэнийг түүний намтраас харж байна. Олон хүн олон л янзын өмч хувьчилж авсан. Дийлэнх нь “юм” болгож чадаагүй. Харин тэр бол чадсан. Сү.Батболд байшин авсан ч сайхныг нь авдаг, эхнэр авсан ч гоёыг нь авдаг болохоор түүнд атаархагсад байлгүй яахав. Тэдний хор арилаагүй, харин Сү-гийн хор аль хэдүйн арилжээ. Мань эр Таван толгойн ордын лицензийг бизнес хийж байхдаа авч чадсан шигээ төрд нь эргүүлээд өгчихсөн тийм л хүн. Ер нь бол Монголын ядруухан эдийн засгийг үсрэнгүй болгосон хоёр том төсөлтэй Сү.Батболд сайнаар холбогддог, Оюу толгой, Таван толгой хоёртой. Дан ганц зэсийн экспортод суурилдаг байсан эдийн засгийг нүүрс, төмрийн хүдрийн шинэ эх үүсвэртэй болгосон нь шулуухан хэлэхэд түүний Засгийн газрын гавьяа. Ерөнхий сайдынхаа хувьд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгодоо хүрч тус ордоос 2012 онд  1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх  шийдвэрийг гаргасныг ард түмэн мартаагүй. Таван толгойн хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас  шууд ашиг хүртсэн анхны тохиолдол. Түүний Засгийн газрын үед иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг гээд бужигнаж байж дээ. Сү.Батболдын Таван толгойн лицензийг төрд эргүүлэн өгсний үр шимийг монголчууд хүртэхээрээ нэг болж байна...

Өнөөдөр түүний улс төрд байгаа бас нэг үнэ цэн бол тэр хэзээ ч “Хувийн өмчийг нийгэмчлэх, төрд эргүүлж авах тухай” ярихгүй. Хувийн өмчийг нийгэмчлэх тухай ганц үг түүний амнаас цухуйхгүй гэдэгт итгэж болно. Энэ нь түүний ялгарах чанар. Энэ нь өөрөө Монголын улс төр дэх ардчиллын үнэт зүйл, итгэл үнэмшил. Ийм л үзэл санаатай, ийм л үнэт зүйлтэй улс төрчдийг бид ардчилсан нийгмийн дархлаа, итгэл найдвар гээд байгаа биз дээ.

Оюу толгой дээр түүн шиг тодорхой ажил хийсэн Ерөнхий сайд байдаг юм уу. Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр томилогдоод л Оюутолгой дахь Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулж чадсанаар Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн билээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол нь энэ. Удаад нь түүний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлснээр  Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж, олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн нь бас бодит үнэн. Гэтэл түүний энэ бүх амжилт ололт өнөөдөр эсрэгээрээ “Сү.Батболдын Засгийн газар Оюу толгой төслөөс авах татварыг бууруулсан” мэт болчихсон явж байгаа нь увайгүй гүтгэлэг юм даа.

“Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ үнэн ялж, Нью-Йоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесмений өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ. Хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын хувийн ашгийн төлөө байгууллагад иргэнээ захиалан мөрдүүлж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр хэргийн материал гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан Амар, Гэндэнгийн хэрэг шиг юм болж байгаа юм биш биз. Энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай миний бие хэзээ ч эвлэрэхгүй. Хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно. Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно” гэдгээ тэр мэдэгдэж байгаа.

Цагтаа би ч түүнийг сэтгүүлчийнхээ хувьд мэрж явлаа. Юм олдоогүй юмаа. Одоо цаг үе өөр, монголчуудын хандлага  өөр болжээ. Хөрөнгөтэй хүнийг хөдөлмөрч, боловсролтой, чадалтай гэж хүндэтгэдэг бүхэл бүтэн шинэ үе бий болсон байна. Энэ үеийнхэнд бол Сү.Батболд бахархал нь, яаж түүн шиг болох вэ гэсэн мөрөөдөл нь. Энэ цаг үе түүнд харгис хандаж байгаа ч, ирж яваа цаг хугацаа түүнд хүндэтгэлтэй хандах нь тодорхой юм. Сү.Батболд хүнд ухаан заадаг хүн биш. Зүгээр л хүмүүст боломж олгодог нийгмийн төлөө явдаг улстөрч. Ийм хүн бусдын боломжийг хулгайлдаггүй юм. Тэр олон зүйлийн дундуур явсан. Зарчмаа алдаагүй. “Надад тохиолдсон сайн, муу бүхэнд би талархаж амьдардаг” гэж хэлэх хэмжээний зуд турхан, зуншлага ногоо үзсэн улстөрч шүү дээ. Өнөөдрийн гүтгэлэг яах вэ, ирээдүй түүнийг магтана. Үнэ цэнтэй амьдрах гэдэг энэ.

П.ХАШЧУЛУУН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах