С.Амарсайхан: Хотын даргын чиг үүргийг салгаж, алслагдсан дүүргүүдийг хотын статуст шилжүүлэх ёстой
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцсэн юм.
Үүнээс “Засаглал, хүүль эрх зүйн шинэчлэл” сэдвийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, санал дэвшүүллээ.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын засаглал, эрх зүйн орчныг сайжруулж байгаа боловч хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний түгжрэл, утаа, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй байна.
Цаашид бидний хувьд Нийслэл Улаанбаатар хотын захын дүүргүүд, хот сууринг бүсчлэн хөгжүүлэх талаархи эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр Олон Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Дэлхийн бусад улсуудын хотын удирдлага, засаглалыг судлан үзвэл нийслэл хотоосоо гадна эрх зүйн байдлын хувьд бие дааж шийдвэр гаргаж, дэд бүтцийг шийдвэрлэх эрх бүхий бусад хотын эрх зүйн байдлын нэн тодорхой гаргасан байдаг.
Тухайлбал нийслэл хотод төрийн эрх барих болон төрийн захиргааны төв байгууллага оршин байх тухай зааж харин аж үйлдвэр, эрчим хүч гэхчлэн тодорхой чиг үүрэг бүхий хотуудыг тусад нь хөгжүүлж байгаа сайн жишгийг хэрэгжүүлэх зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засаглалын хувьд хотын засаг дарга болон хотын захирагчийн чиг үүргийг салгаж, Засгийн газар, Парламенттай харилцах харилцааг маш тодорхой зохицуулж, хотын татвар түүнийг захиран зарцуулах эрх мэдлийг шийдвэрлэж өгсөн нь бидний хувьд судлан хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх