Цэс Close

Тавдугаар сарын 1-ээс хил нээх учраас ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ЗОГСООНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ. Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна гэж мэдээллээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Гадаад харилцааны яам Covid-19  халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавигддаг байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг үе шаттай зохион байгуулж татан авах , тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр хоол зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг ханган мөнгөн тусламж үзүүлэх зэрэг заалтуудыг оруулсан. Өнөөдрийн байдлаар тусгай  үүргийн нислэг болон газраар нийт 31.168 иргэнээ татаж авчээ.  Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1  гэхэд эх орондоо ирүүлнэ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн  тийзийн үнээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн  15 хувь болгон бууруулсан. Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ. Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна.

Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ  97 сая төгрөгийн  дэмжлэг үзүүлсэн.  Улсын онцгой комисст ард иргэд, ААН байгууллагуудын зүгээс цугларсан хандивын хөрөнгөнөөс 300 сая төгрөгийг цар тахлын улмаас гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон нутаг буцах боломжгүй иргэдэд зориулан хилийн чанадад байгаа иргэдэд туслах  санд төвлөрүүлсэн. Энэхүү нэмэлт 300 сая төгрөгөөс 201 иргэний тусгаарлах байрны төлбөр болон бусад дэмжлэг үзүүлэхэд 195 сая 458 мянган төгрөг зарцуулж одоо 104 сая 541 мянгган төгрөг үлдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах