Танилц: Түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа бодлого, зохицуулалт
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын талаар Ж.Сүхбаатар сайд өчигдөр мэдээлэл өгсөн.
Түгжрэлийг бууруулах чиглэлд хийгдэж байгаа бодлого, зохицуулалтыг тоймлон хүргэе.
-Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл 100 хувь хийж, тохь тухтай, орчин үеийн шинэ автобусууд гол 4 өргөн чөлөөнүүдийн 1-р эгнээгээр зорчино. Улаанбаатар хотод авто замын хөндлөн 3, босоо 4 гол магистрал замууд бий болгохыг зорьж авто зам, гүүрэн байгууламжууд барьж байна. Зайсангийн гүүр болон Яармагаас Эрчим хүчний гудамж хүртэлх Туулын гүүр зэрэг зам, гүүрийн ажлууд дуусч байна.
Хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох холбоос замууд, нүхэн гарцууд хийгдэж байна.
-Нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор түгжрэлийг 11.7 хувиар бууруулах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хот авто замын хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм.
-Есдүгээр сарын 1 гэхэд БНСУ-д үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан, дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлнэ. Эхний ээлжинд хугацаа нь дууссан 60 автобусыг ашиглалтаас гаргана.
Замын хөдөлгөөний удирдлагын систем (RFID) суурьлагдаж дуусаад тээврийн хэрэгсэлүүдээ цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Замын хөдөлгөөний танхайрал, сахилга хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалт шинэ түвшинд гарна.
-Явган алхахад, унадаг дугуйгаар явахад таатай хот болгохоор гарааш, хашаа, хайс буулгаж явган болон дугуйн зам, талбай тохижилт хийгдэж байна.
-Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого, зохицуулалтууд холбогдох мэргэжлийн яамд, байгууллагууд дээр хэрэгжиж байна.
-Хот төлөвлөлтийн алдаа завхралыг арилгах, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж дуусаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-той зарим тохируулгуудаа хийж байна.
-Түгжрэлийн нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хамт боловсруулагдаад үзэл баримтлалаа батлуулах түвшинд явж байна.
-Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой.
Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо
Сэтгэгдэл үлдээх