"Тойрогт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй"
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн уралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго гурван хувь, хоёр нам бүхий эвслийн босго таван хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасны Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа найруулгын болон хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх Ажлын хэсгийн саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, Эрүүгийн болон Монгол Улсын төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв. Ингээд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Түүнчлэн, хуулийн төслийн зүйл, заалтууд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарын зохицуулалт, бэхэн тэмдэглэгээний тухай заалт орох болсноор шаардлагагүй болж буй төслөөр хөндөгдөөгүй хуулийн 66.14 дэх заалтыг хасах, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгохтой уялдуулсан өөрчлөлтийг хийх, хуулийг дагаж мөрдөх хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх асуудлуудаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх