Цэс Close

Тони Блэйрийн “Төр удирдахуйн тухай” ба Д.Амарбаясгалангийн санаачилга

Танхим дүүрэн зочид. Улстөрчид, нийтлэлчид голдуу энэ хүмүүс  “Непко”-гийн ээлжит  шинэ номын нээлтэд хүрэлцэн иржээ.  Уламжлал ёсоор Б.Цэнддоо зочдын анхаарлыг нэг зүгт хандуулж, арга хэмжээг хөтлөв. Мэдээж Баабар гарч ирж энэ удаагийн номын талаар сонирхолтой иш татаж,  яагаад олон нийтэд хүргэхээр Непко онцолж орчуулсныг дуулгав. Мөн номтой холбоотой үг хэлэхдээ нийгэм улс төрийн нөхцөл байдал төдийгөөс өдий хүртэл яаж явж ирсэн талаар тодорхой жишээтэй, Монгол юунаас болж илүү их боломжуудаа эдэлж чадахгүй байгаа талаар бүхний анхаарлыг нэг тийш хандууллаа.  Номын тухайд цугласан нөхөд, шинэ ном өлгийдөн авах энэ мөчид  тайзны голд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баясгалантай нь аргагүй зогсож байгааг харав. Намын даргын сонгуульд өрсөлдөхөө зарлаж, яг өнөөдрийн хувьд улс төрийн ид бужигнаан дунд анхаарлын төвд, хэрүүл тэмцэл, магтаал доромжлолын бай болж байгаа хүн тайзны голд гарч ирсэн нь мэдээж олны анхаарлыг тийш хандууллаа. Чухам тайзан дээр зогсох болсон шалтгаан нь намын сонгуулийн нэр дэвшигч, эсвэл УИХ-ын дарга учраас биш ажээ. Танхимд цугларагсдын нэг адил өнөөдрийн анхаарлыг татан олон зочныг цуглуулсан шинэ ном түүнийг энд зогсох шалтгаан болж.  Намын  гал тогоог хамгийн урт хугацаанд барьсан Д.Амарбаясгалангийн хувьд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай”  номыг монгол хэлнээ хөрвүүлбэл хэрэгтэй юм байна гэж санаа чилээхтэй зэрэгцэн “Непко” ч мөн энэ номыг хэвлүүлэх санаачлага давхцан, эдний хамтралын үр дүнгээр Монголын уншигчид, улс орны хөгжилд санаа чилээж, гарц гаргалгаа хайж, оюун ухаанаа уралдуулж  байдаг нөхөд, улс төрд яваа хүмүүс энэ номыг шимтэх нь гарцаагүй биз ээ. Ардчилал, чөлөөт зах зээлийг дэмжигч Баабар Тони Блэйрийн намын үзэл санааг дэмжигч биш ч, ажил албаа гүйцэтгэж байхдаа дэвшүүлсэн  Тони Блэйрийн санаачлага манайд тулгараад байгаа төрийн залгамж халаа, бодлого нь уламжлагдахгүй, хэн дуртай нь гарч ирээд юу дуртайгаа санаачлаад, өмнөх Засгийн газрын хийж  байсан зөв зүйтэй санал санаачилгыг ч нураадагтай адил гэдгийг цугласан олонд хэлэв. Мөн эдийн засгаа сэргээж байгаа жижиг орнуудын жишээг хэлж, эвлэж нэгдэх, нэг зорилгын төлөө зоригтой байхыг сануулав. Яг ийм санаа тус номонд байгаа учраас л нэгийг тунгааж, хоёрыг бодоосой хэмээн уншигч олонд хүргэж байгаагаа дуулгав. УИХ-ын дарга ч Тони Блэйрийн нам нь үзэл санааны хувьд МАН-тай ижил ч Ерөнхий сайд болмогцоо явуулсан бодлогын арга хэмжээ, шинэчлэл  нь олон салбарт сэргэлт авчирч,  улс орных нь хөгжилд хэрхэн хэрэг болсныг монгол уншигчдадаа хүргэх юмсан гэсэн санаа нь ийнхүү ажил хэрэг болсонд талархалтай байгаагаа хэлсэн юм. Харин энэхүү номыг улс төрийн шуугианы төв цэгт орчихсон энэ үед олны хүртээл болж байгаад сэрдэх хүн ч цөөнгүй байв. Нэг үгээр намын даргын төлөөх түүхэндээ байгаагүй ширүүн өрсөлдөөний нэг тал болох УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яг энэ цаг мөчид “Төр удирдах тухай” номыг  олны хүртээл болоход  оролцох нь сурталчилгааны нэг хэлбэр байх гэж таамагласан хэрэг л дээ. Үнэн хэрэгтээ нэлээд эрт номыг баринтаглаж, олонд хүргэх байтал хойшлогдсоор өнөөг хүрсэн тухай  “Непко”-гийнхны гарцаагүй тайлбар сэрдэлт таамгийг төдөлгүй үгүй болгов.

Монгол Улс ардчиллын замаар яваад гуч гаруй жил өнгөрч. Өнгөрсөн хугацаанд алдаа, оноо, ололт аль аль нь байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг нам дангаар засаглаж байсан үеэ бодвол бид чөлөөт зах зээл, олон намын тогтолцоо, хувийн өмчтэй болж, бас ч гэж урагшилж сайжирсан зүйл олон.  Гэвч эрх барьж буй нам, Засгийн газартаа үргэлж сэтгэл хангалуун бус байж, болж бүтэхгүй байгаа талаар шүүмж тасрахгүй явж ирлээ. Энэ нь ч үнэн. Засгийн газар нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь таатай байхыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хүсдэг. Засгийн эрх авсан нам болгон өөр бодлого боловсруулаад, өмнө явж  байсан томоохон төслүүдээ нураагаад байж боломгүй.

Номын зохиогч Тони Блэйрийн хувьд монголчууд бидний эртний танил нэгэн. Ерөнхий сайдын албаа өгсний дараа өөрийн гэсэн сан байгуулж, улс орнуудын Засгийн газруудтай хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр санал тавьсны нэг нь манай улс.  Тэрээр өөрийн амжилттай хэрэгжүүлсэн шинэчлэлийн бодлогоо олон улс оронтой хуваалцахад бэлэн буйгаа мэдэгдэж, хамтран ажилласан бөгөөд манай улсын төрийн удирдлагуудтай ч уулзаж, ярилцаж байсан. Цаашлаад дэлхийн томоохон улстөрчдөөс манай улсад хамгийн олон ирсэн хүн ч гэж хэлж болох юм. Тэгэхээр Тони Блэйрийн хувьд Монголыг сайн мэдэх бөгөөд энэ удаад түүний бичсэн номыг эх хэл дээрээ уншина гэдэг нь оюун санааны хувьд монголчууд бид түүнтэй дахин уулзаж байна гэж ойлгож болох юм.

Монгол Улсад тулгараад байгаа асуудал бэрхшээлүүдийг даван туулахын тулд алдаагаа засч, Тони Блэйрийн гаргаж тавьсан шиг шинээр бүтээх замыг улстөр сонирхогчид уншиж нэгийг бодох биз ээ. УИХ-ын даргын хувьд намын генсекээр ажиллахдаа олон ялалт намдаа авчирсан стратегич гэж нэрлэгдэж ирсэн. Улс орны өмнө тулгараад байгаа асуудал, бэрхшээлүүдийг ч даван туулах тухайд эрэл хайгуул хийж, санаа бодлоо олон нийтэд хэвлэлээр хүргэж байсны хувьд нэгийг бодож, хоёрыг тунгааж  энэхүү номыг Монголын уншигчдад хүргэхээр зорьсон биз ээ. Тэрбээр иргэдийн тэгш амьдрах боломжийг бий болгохын тулд хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байх хэрэгтэйг дурдаад өмнөх цаг үеэ үгүйсгэх аргагүй ч цаг үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байх ёстой. Тиймээс УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Гэвч шинэчлэл гээд илээд өнгөрөх төдий биш, цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлнэ лээ.

Шинэ номын баярт очих сайхан. Хөл, толгойгүй тэмцэлдэж,  хүний, өөрийнхөө ялгахааргүй улстөржиж буй энэ цаг үед номын тухай ярилцан нэгэн гэгээн өдрийг өнгөрүүлж, шинэ гарц, шинэ замыг эрэлхийлэн мэтгэлцэж, Монголын ирээдүйн төлөөх гэрэлт бодол тээн алхлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах