Тоёота компани автомат жолоодлоготой машин, хүргэлтийн робот зэрэг технологиудыг турших хот байгуулжээ

Тоёота Мотор Корпораци пүрэв гарагт Японы төв бүсэд өөрөө жолоодлоготой автомашин, хүргэлтийн робот зэрэг технологиудыг турших туршилтын "хот" байгуулсан тухайгаа зарлалаа.
Шизүока мужийн Сусоно хотын Фүжи уулын бэлд хэрэгжих энэ төсөл эхний шатанд 47,000 метр квадрат талбайг эзлэх юм. Тухайн хотод Тоёотатай холбоотой 300 орчим хүн амьдрахаар болжээ.
Цаашид туршилтын талбайг 294,000 метр квадрат болгон өргөтгөж, Тоёота компанитай холбоотой 2,000 гаруй оршин суугчидтай болох төлөвтэй байна. Харин олон нийтийг 2026 оноос эхлэн хүлээн авахаар төлөвлөж байгаа юм.
Тухайн туршилтын талбайд автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан зам, мэдрэгч, камер бүхий тусгай гэрлэн дохиог суулгаж өгчээ.
Хот дотор явуулах үйлчилгээнүүдийг долоон компани эрхлэн явуулах юм. Тодруулбал хоол хүнсний Nissin Foods Holdings Co, боловсролын платформын оператор Zoshinkai Holdings Inc, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Daikin Industries Ltd, пуужингийн технологийн Interstellar Technologies Inc зэрэг багтжээ.
Nissin компани хүмүүсийн нас, хүйсэнд нь тохирсон зоогийн газар ажиллуулахаар төлөвлөж байгаа гэж албаны хүмүүс мэдэгдээд байна.
Дэлхийн хэмжээний Google LLC, Apple Inc, Amazon.com Inc зэрэг технологийн томоохон компаниуд ухаалаг хот хөгжүүлэх чиглэлд ханцуй шамлан ороод байгаа билээ.
Эх сурвалж: Japan Today
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх