Цэс Close

Трамп ОХУ-ын удирдагч Путиныг "Галзуу" хэмээв

Москва гурван өдрийн турш Киев болон Украины бусад хотуудыг нисгэгчгүй онгоц, пуужингаар довтолсон юм. Владимир Путины энэхүү үйлдэлд Ерөнхийлөгч Дональд Трамп тэвчээр алдаж байгаагаа тодорхой илэрхийлж, Оросын удирдагчийг хатуу шүүмжиллээ.

"Би Оросын Владимир Путинтэй үргэлж маш сайн харилцаатай байсан, гэхдээ түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон. Тэр үнэхээр галзуурчхаж" хэмээн Трамп ням гарагийн орой сошиал сүлжээнд нийтэлжээ.

Трамп “Путин олон хүний ​​аминд хүрч байна” гэж хэлээд “Украины хотууд руу ямар ч шалтгаангүйгээр пуужин, нисгэгчгүй онгоцнууд буудаж байна” гэж онцолсон байна.

Энэ халдлага нь 2022 оны хоёрдугаар сард Орос Украины дайн эхэлснээс хойшхи хамгийн том агаарын дайралт гэж Украины албаныхан мэдэгдэв. Наад зах нь 12 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.

Хэрэв Путин Украиныг бүхэлд нь эзлэхийг хүсвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч анхааруулав. Мөн Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд бухимдаж байгаагаа илэрхийлж, түүнийг "ярьж байгаа шигээ эх орондоо сайн зүйл хийхгүй байна" гэж шүүмжилжээ.

Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулах боломжгүй хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Трамп, Путин нар утсаар ярьсан бөгөөд Трамп дуудлагын дараа Орос, Украин хоёр гал зэвсгээ зогсоох хэлэлцээрийг "нэн даруй" эхлүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Гэвч пүрэв гарагт Кремль шууд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Japan Today 

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах