Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдран сууж байна. Автомашины тоо авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэний эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийн сөрөг нөлөөллийг олон улсын судалгааны арга зүйг ашиглан судалсан байна. Энэхүү судалгааг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.
Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь хүний нүдэнд харагддаггүй хийнүүд байдаг. Тэдгээр хийн 80-90 хувь машины яндангаас ялгардагийн дээр дуу чимээний бохирдлын 60 хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Удаан хугацаанд дуу чимээтэй орчинд амьдарч буй иргэдийн нойрны чанар алдагдаж, нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, замын цагдаа нар, зам дагуух байранд ажиллаж, амьдардаг иргэд хамгийн ихээр өртөж байгааг судалгаа харуулжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцоход, 2021 оны түгжрэлийн өртөг 3.8 их наяд төгрөг болж, Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий есөн хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна мөнгөн дүнгээр тооцох боломжгүй маш олон сөрөг нөлөөлөл байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн тодотгосон.
Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ:
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тухай асуудлыг 1979 оноос ярьж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд далайцтай судалгаа хийж байжээ. Хамгийн сүүлийн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцуулж байна. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан. Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно. Мөн хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах бидний зорилт 25 хувьтай хэрэгжинэ. Авто замын хөдөлгөөн тээвэр, ложистик боловсронгуй болж, хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөлөл буурна гэсэн юм.
“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбох энэхүү зам түгжрэл бууруулахад онцгой нөлөөтэй гэж тооцож байгаа бөгөөд төслийн нэгдүгээр үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа байна.
НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх шатандаа алдаа мадаг гаргахгүй байх, хөрөнгө оруулалт болоод бусад төрлийн саатлыг урьдчилан тооцож, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх