Цэс Close

Тухель: Одоо бидний хожих цаг ирсэн!

Аваргуудын лигийн шөвгийн наймд Португалын “Порто”-той хийх хариу тоглолтын өмнө Английн “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Томас Тухель багаа том ялалтад бэлэн болсон гэж бодож буйгаа нуулгүй хэлжээ.

“Бид Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтдоо гарах гэж байна. Энд шалгарсан багуудаас та бүхэн хайлаа ч гэсэн шөвгийн дөрөвт шалгарахыг хүсэхгүй байгаа багийг олохгүй.

Мөн бид Английн цомын шөвгийн дөрөвт шалгарчихсан. Финалд гарах боломжтой. Хэрвээ финалд гарч чадвал цом өргөх ч боломж гарч ирнэ.

Одоо юугаа нуух вэ дээ. Клубын зорилго бол цом гардах, тоглолтоос тоглолтод ялалт байгуулах. “Челси”-гийн соёл, түүх, оюун санаа үүнийг л шаардаж байгаа.

Би энд цом өргөх гэж ирсэн. Би энд хожих гэж, том ялалт байгуулах гэж ирсэн. Ийм хэрнээ өөр зүйл ярьж суух гэж үү? Тиймээс 3-5 жилийн дараа цом өргөх болно гэх мэт зүйл ярихгүй. Бид одоо цом өргөхийг хүсч байна. Бидний хожих цаг ирсэн.

Ялалтын тухай бид хэдэн цагаар ч хамаагүй ярьж болох ч гэлээ одоо чухал тоглолт тулж ирээд байна. Үүний дараа дахиад чухал тоглолтууд бий. Хамгийн ойрын тоглолтоос илүү чухал, илүү хэцүү саад бэрхшээл гэж байдаггүй юм. Тиймээс бид бас хэт холыг харж мөрөөдөж, үүлэн дээгүүр гүйхгүй” хэмээн Тухель өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах