Цэс Close

“ТЭМҮҮЛЭХ СЭТГЭЛ”-ийн чинад руу...

Бидний амьдрал юутай өрнүүн, юутай завгүй. Өглөө эртлэн босож их хотын шуугиант өдрүүдээ угтна. Өглөөний цайгаа бэлтгэнэ. Үр хүүхдээ нэг нэгээр нь сургууль цэцэрлэгт нь хүргэхээс эхлээд орой авах гэх мэт аж амьдралын түмэн нугачаан дундаас зураач мэргэжил эзэмшин, зураг зурж, төвлөрнө гэдэг юутай гайхалтай.
Зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаанаас бүтээл туурвих он цагийг олзлон суугаа хэн бүхнийг хайрланам. Бас юутай “зовлонтой”. Тэгээд ч бас зураг зурна гэдэг нь хэдхэн минут төвлөрч суугаад бүтэх ажил билүү. Уран бүтээлчээс сэтгэлгээ, ур ухаан,цаг хугацаа гээд ерөөсөө л ахуй амьдралаас алслан холдож хүмүүн бидний сэтгэлийг цэнгүүлэх бүтээл хэмээх ер бусын бэлэгтэй ирэхээр “Тэмүүлэх сэтгэлээ” хөдөлгөн бийр будагтайгаа андална.
Зураач Мөнхжаргалын Тэмүүлэн тэдний нэг. 2003 онд Дүрслэх урлаг дизайны “Анима” коллежийн уран зургийн анги төгссөн цагаас эхлэн уран бүтээлээ тасралтгүй туурвиж “Жинхэнэ хайр” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галарейд гаргаж байжээ.
Үүнээс хойш “Бүгд үзэсгэлэнтэй”, “Саарал хайрцаг” зэрэг эмэгтэй зураачдын хамтарсан үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож, 2022 онд “Далавчтай зүрх” үзэсгэлэнгээ дэлгэж байсан нь саяхан. Гэтэл М.Тэмүүлэн маань бидэнд дахин бие даасан үзэсгэлэнгээ дэглэснээ хуримын зар шиг түгээж, “Тэмүүлэх сэтгэл” хэмээн нэрийджээ.
Яруу найрагч Р.Эмүжин: “Чиний мэдрэмж маш сонин танил дотно алган дээр байгаа юм шиг атгах гэхээр баригддаггүй амьсгал шүргэх мэт амьсгалын хажуугаар яг тэр мөчид зөрөөд одох мэт хайр хүртэл ганц алхам. Тэр ганц алхамд багтаад авчих гэхээр болохгүй. Явуулах гэхээр болохгүй туулж баршгүй ганц алхам” хэмээн бичсэн нь нүдэнд туслаа. Р.Эмүжин түүний уран бүтээлийн өнгө аясыг ийн тодотгож, өмнөх үзэсгэлэнг нь “Далавчтай зүрх” хэмээн нэр өгсөн тухай гэгээн дурсамжаа ч бас хуучиллаа. Бидний амьдралыг “Тэмүүлэх сэтгэл” -ээр дүүргэж, далавчтай юм шиг болгож өгдөг энэ уран зураг гэдэг сэтгэлийн амар амгалангийн дээд юм даа.
Зураач М.Тэмүүлэн маань энэ удаагийн үзэсгэлэнгээрээ биднийг байгаагаасаа илүү их эрч хүчтэй, сайн сайхны зүг тэмүүлэх чин сэтгэлтэй байхыг урин залж байгаа мэт гэгээн мэдрэмж төрүүллээ. Энэ нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн. Тэрээр энэ үзэсгэлэнгийнхээ тухай:
“Миний дотор гэгээн тэмүүлэлтэй бяцхан охин байдаг гэж боддог. Тиймээс хүсэл мөрөөдөлтэй, оргилуун зүрх сэтгэлтэй байх, илүү амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь харахыг хүсдэг. Хайр, байгаль дэлхий ертөнц, энэргүй, эв найрамдалтай, бие биенээ үүрд хайрлахыг уран бүтээлдээ шингээж энэ хорвоод бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэхийг хүсдэг. Амьдралыг сайн сайхан талаас нь илүү олж хараасай гэсэн тэмүүлэх сэтгэлээр дүүрэн байгаасай гэсэн санааг уран бүтээлдээ шингээж, чимэглэх уран зургийн төрлөөр голчлон бүтээдэг” гээд гоё шүлэг уншиж өглөө.
Тэртээх уулс өөдөө тэмүүлэх нь юуных вэ
Тэнгэрт хүрч үзэх гэсэн мөрөөдөл минь юм болов уу
Уулсын орой дээгүүр хөл нүцгэн гүйж байна гэж зүүдэллээ
Үнэндээ тэндээс үсрээд ниснэ гэж найдсан юмуу
Эрчээ аваад гүйхээр нисдэг юмаа би
Ганцхан удаа биш олон удаа ниссэн би зүүдэндээ
Дэндүү давчуу орчлонд мөрөөдөл минь намайг хөглөдөг
Дэндүү дураараа дэврүүн хүсэл минь дүүлэн нис
Үүлнээс дээгүр өндрөөс өндөрт тэмүүлэх сэтгэл минь
Эрх чөлөөтэй инээмсэглэл чамд л бий хонгор минь
Хүсэл мөрөөдөлтэй байхаасаа битгий ичээрэй
Амьдрал чиний бодсоноос илүү үзэсгэлэнтэй хэмээх шүлгийг ч үзэглэн бичжээ.
Хүний амьдрал гэдэг томьёогүй. Тэрээр зураачийн мэргэжлийн хажуугаар үсчин, солонгос хэлний орчуулагч мэргэжил ч хүртэл эзэмшин эрүүл, эко амьдралыг бусдад бэлэглэх шидтэй төрөл бүрийн лаа, саван, ванны давс бусад зүйлүүдийг хийдэг завгүй уран бүтээлч. Мөн “байгаль орчноо бохирдуулж байгаад эмзэглэн, хүний ёс зүйгүй асуудал сэтгэл зовниж байдаг” хэмээн даруухан өгүүллээ.
Зураач М.Тэмүүлэнг зураг зурах авьяасыг ааваасаа өвлөж мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн юм. Аав Д.Мөнхжаргал нь орчин үеийн модернист, абстракт, натирморт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач байсан. Одоо харин хэдийгээр бурхны оронд очсон нь охиноороо оюун санаа нь өртөөлөн оршсоор байна. Аавын охин мөн дөө мөн. М.Тэмүүлэнгийн анхны сэтгэлд тод үлдсэн хайртай зураг нь ч аавынхаа урланд зурж байсан натирморт аж.
Хамгийн тод өнгөөр хайрын тухай урлаж суудаг зураач бүсгүйн бүтээл бүхнийх нь өмнө бодлогошрон зогсмоор санагдлаа. Тэр тэврэлт, үс гэзэг, нүдээ аньж тайвширлыг олсон эрх бүсгүй, өөрийн хөрөг, салхи, үүл тэнгэр, цэцэгс. ... БҮГД СЭТГЭЛ ТАТЛАА. ТЭМҮҮЛЭХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭЛЭЭ.
Тэрбээр “Зураг бүхэн миний дахин давтагдашгүй мэдрэмжүүдээс үүдэлтэй. Бүгд өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ “Гараас чинь хөтлөөд орчлонг би мартана” бүтээлдээ илүү хайртай гэж ярьсан ярилцлагыг нь сонины хуудаснаас олж уншиж байсан өдрөө ч бас эргүүлэн авчирлаа.
Бүтээл бүхэнд нь хайр шингэж, эх дэлхийгээ тэвэрсэн өгөөмөр агуулгад тань өнгө нэмсэн цөөхөн үг тэрлэхэд тийм байна. Урланд чинь удаан тухлах гэгээн өдөр ойрхон байх болтугай.
Б.ТӨГСЖАРГАЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах