Төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн дөрвөн жил
Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа журмын нөхдийн итгэлийг хүлээн Ерөнхий сайдаар сонгогдож байлаа. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын итгэлийг хүлээж Ерөнхий сайдаар улирч ажиллахаар болсон юм. Ингэж сонгууль дамнаж дөрвөн жилийн турш Ерөнхий сайдаар ажиллана гэдэг өөрийнх нь хэлдэг шиг амаргүй. Гэвч тэр тогтвортой засаглаж чадлаа. Үндсэн хуулийн өөрчлөлт, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, улс төрийн оновчтой шийдэл, шийдвэрүүд нэг хэсэг 1.5 жилийн настай байсан Засгийн газрын насыг уртасгаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласныг тоймлон хүргэе. Тэрээр олон жилийн өмнө, НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнэ байхдаа “Азийн хүлэг улс” хэмээх ном бичиж байв. Номын агуулга нь улсаа хөгжүүлж, Ази тивдээ тэргүүлэгч болгох. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сарын 13-нд УИХ-аар батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичиг бол 2050 он хүртэл Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай замын зураг. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Ингэснээр тэрээр гүйцэтгэх засаглалын жолоог атгаж олон жил бодож боловсруулж өөрийнхөө бичсэн, батлуулсан улсаа хөгжүүлэх төлөвлөгөө өөрөө гардан хэрэгжүүлэхээр болсон юм. Улмаар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
Ерөнхий сайдад улс орныхоо хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө байсан боловч гарааны зурхайд шууд л саадтай тулсан юм. Тэр нь цар тахал. Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үед Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ үед Монгол Улсад цар тахлын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан байв. “Хэрэв Ерөнхий сайдаар ажиллах цаг хугацаагаа сонгож болдог байсан бол би лав хэзээ ч энэ үеийг сонгохгүй байсан” хэмээн хэлж байсан нь үүнтэй холбоотой. Хамгийн түрүүнд Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон. Мөн Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100 мянга гаруй ажлын байрыг хамгаалсан юм.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж чадсан Засгийн газар “Боомтын сэргэлт”-ээр эдийн засгаа улам сайжруулахаар зорьсон. Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Боомтын сэргэлт”-эд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд:
- Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
- Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
- Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам
- Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
- БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан.
- Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
Засгийн газар эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл болсон саад бэрхшээлүүдийг ээлж дараалн шийдвэрлэж байна. Одоо хамгийн их анхаарлаа хандуулж байгаа асуудал нь “Эрчим хүчний сэргэлт”. Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна. Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
Сүүлийн хэдэн Засгийн газрын өмнө тулгамдсаар ирсэн асуудлуудын хамгийн том нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл. Тиймээс Л.Оюу-Эрдэнийн Засгийн газар төвлөрлийг сааруулах ихээхэн анхаарал хандуулав. "Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна. Мөн орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэллээ.
Энэ Засгийн газрын нэг ололт нь “Дубайн гэрээ”-г цуцалж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал юм. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарав. Мөн 24 сар гацаад байсан Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 онд Оюутолгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэнээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.
Ийнхүү уул уурхайн томоохон төслүүдээ Монгол Улсад ашигтай ажиллуухаар болгож, баялгаасаа итгэж бодитоор өгөөж хүртэх боломж бүрдүүллээ. Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.
Засгийн газар уул уурхайн салбарын асуудалтайгаа зэрэгцүүлэн эдийн засгаа солонгоруулах салбаруудаа ч орхигдуулсангүй. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. “Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо. “Монголд зочлох жил” аяны хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна. 2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулсан нь төлөвлөгөө хэрэгжүүлж улс орноо хөгжүүлэхэд чухал шийдвэр болсон юм. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гаргаад байна. Энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилийн түүхийг эргүүлж сөхвөл ололт дүүрэн байна. Эрчээ алдахгүй явж чадвал 2028 он гэхэд олон зүйлийг өөрчлөн шинэчлэх, сайжруулах боломж энэ Засгийн газарт бүрэн дүүрэн байна.
Сэтгэгдэл үлдээх