Төсвийн тэлэлт нь хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэв

Банкны салбарын үзүүлэлтүүд өнгөрсөн онд тогтвортой өсөлттэй, бодлогын хүү их байсан ч бизнесийг дэмжихэд чиглэсэн банкуудын зээл олголт 37 хувиар нэмэгджээ.
Зээлийн огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд ирлээ. Банкны салбарын актив 23 хувийн өсөлттэй бөгөөд системийн таван банк энэ онд 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах хүлээлттэй байгааг Монголын банкны холбоо мэдээлэв.
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оныхоос 30 хувиар багасжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч үнийн уналтаас шалтгаалан 2023 оныхтой харьцуулахад экспортын орлого багасав. Машин тоног төхөөрөмж, суудлын автомашин, нефтийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэн нь импортын өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлжээ. Урсгал тэнцлийн алдагдал хэдий их гарсан ч, нийслэлийн болон банкуудын гадаад зах зээлээс босгосон бонд, бусад зээлийн эх үүсвэрийн хүчинд төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Харин хоёр сонгуулийн нөлөө, улсын төсвийн зардлыг тодотгол хийж нэмсэнтэй холбоотой төсвийн тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн зарлага өмнөх оныхоос 35 хувиар нэмэгдэж, ДНБ-ийн 38 хувьтай тэнцэх боллоо. Ийнхүү “Улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад сорилт дагуулах төлөвтэй байгаа”-г Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар тэмдэглэлээ. Төсвийн хэт тэлэлтийн нөлөөгөөр харьцангуй багасаж байсан инфляц оны сүүлийн хагасаас эрэлтээс үүдэлтэй огцом нэмэгдэж, бодлогын хүүг нэмэхээс өөр гарцгүй болгожээ.
Цаашид уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд найдан төсвийн орлого, зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэн, томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь “Алаагүй баавгайн арьсыг хуваахтай ижил” зүйл болж байна. Тиймээс “Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтыг сайжруулж, урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай”-г Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэллээ.
Ялангуяа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсвийг нэгтгэн нэгдсэн төсөв гаргах, мега төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцож эрэмбэлэн, хугацааг нь төсөвт дарамт болохгүйгээр хооронд нь уялдуулах хэрэгтэй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх