Цэс Close

Т.Баярхүү: Малчдад хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа

Улсын Онцгой Комиссоос зудын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны төлөөллүүд хамтран оролцсон юм.

Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү малчдад өгч байгаа хандив, тусламжийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Одоогийн байдлаар 2.829 малчин өрхөд өвс, 36.108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Тэжээлийн хангалт буюу "Хөдөө аж ахуйн корпорац" төрийн өмчит компанид хадгалагдаж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг "Хөдөө аж ахуйн корпорац"-тай 3.500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж татах ажил эхэлсэн. Тухайлбал Баянхонгор, Төв, Хэнтий аймгууд тэжээлийн будаагаа татан авч, цааш сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Мөн хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа.

Улсын Онцгой Комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэд, ААН-үүд идэвх санаачилга гаргаж малчдад туслах хандив зохион байгуулж, УОК-т өгсөн.

Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материал нийт 22 ААН, байгууллагаас УОК-ын дансанд цуглараад байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, манай улсад суугаад дипломат төлөөлөгчийн газруудын тусламжийн хүрээнд долоон аймгийн 64 сумын 174.930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг олон улсын 17 байгууллагаас хүргүүлж байгаа гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах