Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 орчим сая төгрөгийн бараа материалыг хандивласан
Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос ээлжилт мэдээллээ хийлээ.
Хурлын эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Маргааш засгийн газрын ээлжит хуралдаантай тул холбогдох тооцоо судалгаа зэргийг боловсруулж өгнө.
Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийхэд
- 13 аймгийн 53 суманд төмөр зудын
- 17 аймгийн 139 суманд цагаан зудын
- 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа.
Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн.
Өнөөдрийн байдлаар малын хорогдол 2,136,563 болж өнгөрсөн оны мөн үеэс 85.9 хувиар өссөн.
УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1,408 өрхийн гэр, өвөлжөө бууж нь цасанд дарагдсан гэдэг тооцоо гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргах төлөвлөлт хийсэн. Өнөөдрөөс зарим аймгууд дээр ажиллагаандаа ороод эхэлсэн.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 орчим сая төгрөгийн бараа материалыг өнөөдрийн байдлаар УОК-оор дамжуулан хандивласан байна. Шаардлагатай айл өрхүүдэд хандивыг хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах болно. Бид зарим шаардлагатай асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ" гэлээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг "Ажлын хэсгүүд өөрсдийн дүгнэлтээ гаргасан. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн мөсөн болон цагаан зудтай нөхцөлд орсон 100 гаруй суманд тэжээлийн улаан буудайг сангаас олгохоор болсон.
- Мөсөн зудтайд -150 тонн
- Цагаанаар зудархууд- 75 тонныг хуваарилсан.
Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн есөн аймаг гэрээгээ хийгээд, улаан буудайн татан авалтаа эхлүүлэн ажиллаж байна. Аймгууд нийт 1,430 тонн улаан буудайг татан авалтаа хийсэн. Үндсэндээ 6,000 тонн улаанбуудайн гэрээг аймгууд хийгээд, малчдад хүргэх ажил эхэлсэн явж байна. Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байсан тул 2023 онд хадлангийн өвсийг экспортод гаргахгүй байх зохицуулалтыг найм, есдүгээр сараас авч хэрэгжүүлсэн. Ингэснээр дотоодын өвсний нийлүүлэлтийг барих арга хэмжээ авагдсан юм.
Өнгөрсөн жил 6.3 сая орчим малыг экспортод гаргах ажлыг зохион байгуулсан. Экспортод гаргасан жингээрээ 80.2 мянган тонн, нийт жингээрээ 125 орчим тонн дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргасан. Энэ нь 2022 оны дүнтэй харьцуулахад 4-5 дахин өссөн дүн юм" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх