Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын платформ туршина
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд “Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт” -ын платформыг амжилттай хөгжүүлж байна.
Энэхүү цахим сургалтын модулийг удирдах ажилтнуудад жендэрийн асуудлаар богино хугацаанд мэдээлэл авч ажилдаа ашиглахад нь дэмжлэг болгох зорилгоор Монгол Улсад анх удаа 2018 онд нэвтрүүлж, 2024 онд шинэчлэн сайжруулж ажиллаж байна. Цахим сургалтад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн аль ч түвшний удирдах албан тушаалтан хамрагдаж, жендэрийн асуудлаар мэдлэг ойлголтоо бататган, холбогдох хичээл тус бүрийн сорилыг бөглөж, өөрөө өөрийгөө үнэлэх боломжтой юм.
Тус цахим сургалтын платформыг ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор туршилтын арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны хурлын танхимд зохион байгуулна. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, санал зөвлөмж өгч оролцохыг урьж байна.
Жич: Тус цахим сургалтын платформ нь компьютерээс орж танилцахад илүү тохиромжтой тул та бүхнийг өөрийн нөүтбүүктэйгээ ирэхийг хүсье.
Сэтгэгдэл үлдээх