УИХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үйлчлэл зогссон уу?
УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн оны 12 р сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёр заалт үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц дүгнэлт гаргасан. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч энэ оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан бөгөөд энэ хоригийг хүлээж авах боломжгүй гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн билээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ Ерөнхийлөгчийн хориг дээр тавигдсан хоригийг зарчимын хувьд дэмжиж байна. 2021 оны 4-р сарын 29-ны өдөр батлагдсан Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хууль үйлчилж эхэлсэн үед хориг тавьсан тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй. Ерөнхийлөгчийн хориг 5-р сарын 6-нд тавьсан. Ерөнхйилөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт 4-р сарын 30-аас хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр хориг тавигдсан ч нэмэлт өөрчлөлт орсон хууль үйлчилж байгаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ын баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө алдаа гарсан бол засаж залруулах боломж олгож, УИХ-ыг хянаж байгаа хэлбэр юм. Хоригийг эргээд УИХ хэлэлцэж байгаад нь үүний үндсэн зарчим оршдог. Хуулийн дагуу УИХ-ын баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш таван хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавина гэдэг заалт бий. Ерөнхийлөгчийн хоригийг авсан, аваагүйгээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн болоод байгаа үйл явцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаад байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хориг тавьснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд түр түдгэлзсэн байгаа.
Сэтгэгдэл үлдээх