Улаанбаатар хотын цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ
Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар боллоо. 2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Улаанбаатар хот цахим шилжилт хийх цаг нь болсон. Дэлхийн томоохон хотууд цахим шилжилтийг хийж, хөгжиж байгаа. Ийм ч учраас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” хэмээлээ.
“Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав. Тэрбээр “2016 оноос эхлэн Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийг эхлүүлсэн. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах хүрээнд 2018 онд Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагын 133 төрлийн үйлчилгээг цахимжуулсан нь одоогийн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-ийн суурийг тавьсан томоохон төсөл болсон. Мөн UB ERP систем буюу төрийн албан хаагчийн нэгдсэн системээр дамжуулж 30 мянга гаруй төрийн албан хаагч үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хялбар байдлаар явуулж, зардал хэмнэх боломжтой болсон. E-Mongolia аппликейшнээр дамжуулж 10 сая гаруй үйлчилгээ үзүүлсэн байна. Монгол Улсын цахим үндэстэн болох зорилтыг нэгтгэж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн тооцоо гарсан. Бид 2016 оноос хойш 26 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлсэн” гэв.
Ийнхүү дээрх цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм. Энэ хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх төсөл нь Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ.
ЦАХИМ ЗАСАГЛАЛ ТӨСӨЛ
Энэ хүрээнд нийслэлд бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ил тод байдлыг хангахаар Онлайн бизнес төв төслийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргүүдээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахимаар ирүүлж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү системд 126.504 иргэн, аж ахуй нэгж байгууллага хандаж 1311 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ шийдвэрлүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мөн төслийн 2-р шатанд нийслэлд барилга барихтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээг энэ ондоо багтаан цахимжуулж, тус системд нэвтрүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН УХААЛАГ СИСТЕМ ТӨСӨЛ
Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Иймээс хамгийн түрүүнд зам, тээврийн харилцаанд оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цогц системийг бий болгохоор 2024 он хүртэл хэрэгжүүлэх долоон арга хэмжээ төлөвлөсөн. 2022 ондоо багтаан суурь өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг нийслэлийн 138 уулзварт суурилуулах, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ болон томоохон уулзваруудын замын хөдөлгөөний хяналтын камерыг бүрэн шинэчлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх байдал арилах юм.
Мөн радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг гэрлэн дохионы удирдлагын систем, төлбөрийн систем зэрэг чиг үүргийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбосноор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарахад төлдөг төлбөрийн сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилсан болон дараа төлбөрт байдлаар төлөх боломж бий болох юм. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадварыг сайжруулах, мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн нийлмэл бүхий “Удирдлагын төв”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөн, ухаалаг хотын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Сингапур зэрэг томоохон хотуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.
АЮУЛГҮЙ ХОТ ТӨСӨЛ
Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5426 цэгт 13.944 камер суурилуулахаар төлөвлөөд байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх