Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хавдрын химийн эмчилгээний тасаг болон өвдөлт намдаах нэгжтэй боллоо
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг(УХТЭ) өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг ашиглалтад орууллаа.
Тус эмнэлэг нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ)-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн УХТЭ нь элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.
Өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна.
Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ хоёр нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Иргэдэд зонхилон тохиолдож буй таван хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол ХСҮТ бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.
Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтээгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчлэх боломж бүрдэж байна" хэмээв.
УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин “Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж, харьяалал харгалзахгүйгээр дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилдэг. Дээрээс нь нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношилж, рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж байна.
Түүнчлэн өвдөгний "жийргэвч" гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа.
Бид үйл ажиллагааг эхлүүлсэн хоёр сарын хугацаанд нийт 1,000 гаруй иргэнд үйлчилсэн. Эндээс харахад архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна" гэлээ.
УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2021 онд 400 гаруй хавдрын мэс засал, 2022 оны наймдугаар сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна.
Мөн 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж, үйлчилгээг нийт 1,500 орчим иргэнд үзүүлээд байгаа гэж Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгээс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх