Улс төрийн намууд иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үүрэг хүлээдэг

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар нар “Сонгуулийн боловсрол” сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй энэ сарын 17-нд уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.
Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан. Намуудын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлдэг. Хувийн аудитын этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үндэсний аудитын дүгнэлт гарсны дараа Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчийн 1 буюу түүнээс дээш хувийн санал авсан долоон намд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгогдох юм.
Намд олгох төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах зориулалтаар зарцуулахыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, намын гишүүд, иргэд, нийгмийн бүлгүүдэд сонгуулийн боловсрол олгох, улс төрийн оролцоог дэмжих, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад санхүүжилтийнхээ тодорхой хувийг зарцуулаагүй бол санхүүжилт нь хасагдах хуулийн зохицуулалттай. Хууль хэрэгжүүлэхэд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухлыг уулзалтаар онцоллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал авах өдөр 2025 оны зургаадугаар сарын 22 бөгөөд сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу үргэлжилж байгааг мөн мэдээлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх