Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн шаардлага, тодорхойлолтыг хүлээлгэн өгчээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн санхүүжилтээр “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт” мэдээллийн системийг хөгжүүлэхэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт”-ыг боловсруулсан баг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр (2025.10.29) уг системд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт болон тайлангаа хүлээлгэн өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн тодорхойлолт боловсруулах” төсөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, “Ухаалаг Засаглал” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, програм хангамжийн инженер Ц.Амарбаясгалан ахлагчтай баг уг системийг хөгжүүлэхэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолтыг боловсруулах гүйцэтгэгчээр ажиллалаа. Төслийн гүйцэтгэгч багт хуульч, аудитор, нээлттэй өгөгдөл, системийн шинжээч зэрэг салбар, салбарын мэргэжилтнүүд ажилласнаараа онцлог гэдгийг багийн ахлагч тодотгосон юм. Төслийн баг 2025 оны 8 дугаар сарын 17-оос 10 дугаар сарын 17-ыг хүртэл хоёр сарын хугацаанд 16 ажил төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар төслийн багт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажилласан юм.
Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд намуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төвлөрсөн мэдээллийн нэгдсэн сан бий болгох болон намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийн мэдээллийг нээлттэй, ил тод болгож иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой уг системийн хэрэглэгч нь Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд, Улсын дээд шүүх, Үндэсний аудитын газар, Сангийн яам, аудитын компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт байх юм. Тиймээс төслийн баг Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форумтай хамтран ажлын явцаа танилцуулах, санал авах хоёр хэлэлцүүлэг, нэг нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Мөн төсөл хэрэгжүүлэх явцад цахим системээр олон нийтээс нээлттэй санал авсныг тухай бүр www.m-election.mn сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг болон цахимаар саналаа өгсөн оролцогчдын саналыг системийн даалгаварт тусгасныг төслийн багийн ахлагч танилцууллаа. Тухайлбал, цахим системийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтын эцсийн хувилбарыг хэрэглэгчдэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний номын сан дахь “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-д нээлттэй өдөрлөг зохион байгуулах үеэр улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулсан аж.
Цахим систем нь улс төрийн намын бүртгэл, үйл ажиллагааны товч тайлан, санхүүгийн тайлан, төрийн санхүүжилт, намын гишүүний татвар, үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдлын тайлан, сонгуулийн оролцоо зэрэг модультай байхаар тодорхойлжээ. Түүнчлэн намын мэдээлэл, гишүүнчлэл, санхүүжилт, хөрөнгө, санхүүгийн тайлан, сонгуулийн оролцоо, жендэрийн төлөв байдал нь нээлттэй өгөгдөл хэлбэрээр системд байрших аж. Хэрэглэхэд хялбар дизайнтай байхаас гадна найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах техникийн шаардлагыг төсөлд тусгажээ.
“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт” мэдээллийн системийг хөгжүүлэхэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт”-ыг хүлээн авах үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Улс төрийн намын тухай хуулийг цахим систем рүү хөрвүүлэх ажлын даалгаврыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийллээ. Нээлттэй засгийн түншлэлээс 2025 онд хэрэгжүүлж байгаа Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн. Сорилтын хэрэгжилтийг хангах ажилд цахим системийн ажлын даалгавар чухал байр суурьтайг мөн онцоллоо. Уг техникийн шаардлага, тодорхойлолтын дагуу цахим систем хөгжүүлэхэд багаараа зөвлөхөөр ажиллахыг урив хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх