Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа
Уур амьсгалын өөрчлөлт нь 21 дүгээр зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг болсон. Иймд Монгол Улсын Засгийн газрын түвшинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, Монгол орны нийт нутгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр учирч байгаа аюул эрсдэлд хариу арга хэмжээ үзүүлэх, гамшгаас эртнээс урьдчилан сэргийлэх төсөв, төлөвлөгөөг сайжруулах асуудлыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулж, Уур амьсгалын Үндэсний хороог Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан.
Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол орны Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаархи судалгааны үр дүн болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний ажлын явцын тайлан, өмнөх хурлаас үүрэг болгосон Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, бэлчээрийн доройтлыг бууруулах, хамгаалах хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцлээ.
2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон нь дэлхийн эко системийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хүрээнд манай улс хувь нэмэр оруулж буйн нэгэн жишээ бөгөөд бэлтгэлийг сайтар ханган ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Эрчим хүчний сайд, Үндэсний хорооны гишүүн Б.Чойжилсүрэн, Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээр хамгаалах хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг ХХААХҮ-ийн сайд, Үндэсний хорооны гишүүн Х.Болорчулуун, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн үндэсний IV тайлан-илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хоёр жил тутмын II тайлан-илтгэлийг иргэд олон нийтэд хүргэхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулан батлуулахыг БОАЖ-ын сайд бөгөөд Уур амьсгалын Үндэсний хорооны орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх