ФОТО: Монгол, Польш улсын тэргүүн хатагтай нар Богд Хааны ордон музей болон I сургуульд зочилж, Дауны Холбооныхонтой уулзжээ

Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч Анждей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 24-26-нд айлчиллаа.
Айлчлалын үеэр буюу дөрөвдүгээр сарын 25-нд хоёр улсын тэргүүн хатагтай нар хамтдаа өглөөний цай ууж, хүүхэд залуусын боловсролын асуудал, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааны асуудлаар ярилцжээ. Мөн боловсролын салбарт тулгамдаж буй бэрхшээлийн талаар санал солилцон, сургалтын хөтөлбөрт эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын талаар тусгах, ном уншихыг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэцгээж буйгаа илэрхийлсэн байна.
Тэргүүн хатагтай нар КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хязгаарлалтын арга хэмжээний нөлөөг одоо ч залуу үеийнхэн мэдэрсээр байгаа талаар болон хүүхэд, залуу үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцжээ.
Үүний дараа тэд Богд хааны ордон музей, ерөнхий боловсролын I дунд сургуульд зочилсон аж.
Хатагтай Агата Корнхаузер-Дуда хүүхдүүдийн дуртай хичээл, найзуудынх нь талаар хүүхдүүдтэй яриа өрнүүлж, сургууль бол зөвхөн мэдлэг хуримтлуулаад зогсохгүй хүүхдүүдийн төлөвшилд чухал нөлөөтэй найз нөхөдтэй болох орчин гэдгийг онцолж байв.
Тухайн өдөр тэргүүн хатагтай нар Монголын Дауны Холбооныхонтой уулзаж, Польшийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан кофе шопт зочилсон байна. Уг кофе шопт дауны синдромтой иргэд дадлагажин ажилладаг юм хэмээн Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх