ФОТО: Энэ оны зэрлэг байгалийн онцлох гэрэл зургууд

Өнгөц харахад хэдгэнэ шүүр унаж байгаа мэт харагдана. Энэ ажилсаг шавж үр төлөө хооллохын тулд жаран хөлтийг зөөж буй агшин юм.
Энэхүү зургийг макро зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин Бидют Калита авсан бөгөөд энэ жилийн Зэрлэг байгаль, ан амьтдын оны шилдэг гэрэл зурагчин шалгаруулах уралдаанд өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг юм.
Шалгарсан зургуудыг аравдугаар сарын 14-нд зарласны дараагаар дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 100 гайхалтай гэрэл зургийг Байгалийн түүхийн музейд үзэсгэлэн болгон гаргах юм.
Тэмцээнд өндөр үнэлгээ авсан бусад бүтээлүүдээс сонирхоно уу.
Гарчиг: Гэр шиг газар байхгүй
Гэрэл зурагчин: Эммануэл Тарди (Франц)
Байршил: Эль Танке, Сан Карлос, Алажуэла, Коста Рика
Залхуу сармагчин зам гаталсныхаа дараа өргөст төмөр шонгоос зүүгдэж буй зураглал.
Тэдний амьдардаг орон гэр нь модны хомсдолоос болж, муудах үед дараагийн мод руу хүрэхээр мөлхдөг ба энэ нь тэднийг тун өрөвдөлтэй нөхцөлд оруулдаг.
Гарчиг: Мөсөн ирмэгийн аялал
Гэрэл зурагчин: Берти Грегори (Их Британи)
Байршил: Антарктидын Атка булан, Экстрем мөсөн тавиур
Хоёр сарын турш хаан оцон шувууны колонийг ажигласны дараа Грегори мөсөн ирмэг дээр тэнүүчилж буй бүлэг оцон шувууны дэгдээхэйнүүдийн дүрсийг зургандаа буулгажээ.
Амьд үлдэхийн тулд эзэн хааны оцон шувууны дэгдээхэйнүүд хооллох анхны оролдлогоо хийхээр мөсөн далай руу үсрэх ёстой.
Гарчиг: Нялцгай биетүүдийн гэр бүлийн хөрөг
Гэрэл зурагчин: Кутуб Уддин (Бангладеш/Их Британи)
Байршил: Слиндон Вуүд, Баруун Сассекс, Англи, Их Британи
Уддин ойд унасан дүнзэн дээр нялцгай мөөгөнцрүүдийг олжээ. Тэрбээр энэ дүр зургийг бяцхан шар шавьжны өндөгтэй "хачирхалтай гэр бүлийн хөрөг" гэж тодорхойлсон юм.
Нялцгай мөөгөнцөр нь бие даан амьдардаг боловч хоол хүнс олж, үржихийн тулд хамтдаа байх тохиолдол бий.
Гарчиг: Сүрэг дотор
Гэрэл зурагчин: Амит Эшел (Израиль)
Байршил: Эллесмир арал, Нунавут, Канад
−35 хэмд сониуч Арктикийн чонын сүрэгтэй зурагчин Эшел тааран ховор үзэгддэг, баригдашгүй амьтдын зургийг авах мөрөөдлөө биелүүлжээ.
Зургийг авч байх үед чононууд маш ойрхон байсан тул түүний амьсгал нь үнэртэж байжээ.
Хойд туйлын чононууд хүмүүс бараг амьдардаггүй газар буюу Канадын хойд болон Гренландын хойд хэсгээр л тархан байдаг тул хүмүүсийг сониучалдаг.
Гарчиг: Камчаткийн мөн чанар
Гэрэл зурагчин: Кесшав Викрам (Энэтхэг)
Байршил: Курил нуур, Камчаткийн хязгаар, Орос
Ноён Викрам олон хоног тэвчээртэйгээр хүлээсний дүнд үүлнүүдээр халхлагдсан Илийнский галт уулын эрэг дээр алхаж яваа хүрэн баавгайн зургийг татан буулгажээ.
Баавгайнууд ихэвчлэн ганцаараа байдаг ч энэ баавгай Номхон далайгаас эх нуур руугаа голын өөд нүүдэллэн ирж буй оймс хулд загасаар бусадтайгаа хамт найрлахаар явж байжээ.
Гарчиг: Хоёр цөөвөр чонын үлгэр
Гэрэл зурагчин: Пархам Поурахмад (АНУ)
Байршил: “Bernal Heights Park”, Сан Франциско, Калифорниа, АНУ
Зурагчин эмэгчин цөөвөр чонын сүүлний муруйнд эр цөөвөр чонын хув нүдийг дүрсэлсэн зургийг татан буулгажээ.
Тэрбээр энэ хосыг хад чулуурхаг уулын энгэрийг гатлан хэдэн цагийн турш даган явж энэхүү зургаа авсан юм.
Цөөвөр чононууд дасан зохицох чадвар сайтай бөгөөд нэгэн цагт алга болсон Сан Францискод дахин сэргэж эхэлжээ.
Гарчиг: Ягаан поз
Гэрэл зурагчин: Леана Кустер (Швейцарь)
Байршил: Пон де Гау, Камаргу, Франц
Леана Кустер зурагтаа урт хөлөөрөө толгойгоо маажиж байгаа фламингог харуулжээ.
Фламингогийн ягаан өнгө нь замаг, сам хорхой зэрэг сээр нуруугүй амьтдад агуулагддаг каротиноидоор баялаг хоол хүнснээс үүдэлтэй байдаг.
Гарчиг: Үхлийн сургамж
Гэрэл зурагчин: Марина Кано (Испани)
Байршил: Самбуру үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Кени улсын Самбуру муж
Кени улсын Самбуругийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Марина Кано залуу үчимбэрүүд ан хийж байхыг харжээ.
Үчимбэрийн зулзаганууд хоёр сарын турш нуугдаж үүрэндээ байдаг бөгөөд нэг настайдаа л агнах чадварт суралцаж эхэлдэг.
Гарчиг: Хортой гадаргуу
Гэрэл зурагчин: Лакшита Карунаратна (Шри Ланка)
Байршил: Ампара, Зүүн муж, Шри Ланка
Шри Ланкад Лакшита Карунаратна Азийн зааныг хог хаягдлын цэг дээр алхаж явааг баримтжуулжээ.
Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд тус бүс нутгийн заануудад хүний нөлөөлөл ямар хэмжээнд байгааг бүртгэжээ.
Ампара дахь хогийн цэгийг арав гаруй жилийн өмнө 300 орчим заан амьдардаг тусгай хамгаалалттай байгалийн бүсийн ойролцоо байгуулжээ. Тэдгээр заанууд хүнсний үлдэгдлээр хооллохын зэрэгцээ хуванцар хэрэглэдэг бөгөөд энэ нь тэднийг аажмаар хордуулдаг гэж албаныхан хэлж байв.
Гарчиг: Сэрүүлгэ
Гэрэл зурагчин: Габриелла Коми (Итали)
Байршил: Сэрэнгети үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Танзани
Габриелла Коми болон түүний хөтөч Дэвид нар үд дундын наранд Сэрэнгетийн байгалийн цогцолборт газарт нойрмоглож буй хоёр арслангийн зүг ойртож буй кобраг олж харжээ.
Ууган арслан дөхөж буй аюулын эсрэг нүүр тулан зогсож буйг зурагт татан бүүлгасан аж.
Гарчиг: Далайн залхагуудын зун
Гэрэл зурагчин: Ральф Пэйс (АНУ)
Байршил: Монтерей Бэй, Монтерей, Калифорниа, АНУ
Номхон далайн далайн залхагын дунд зурагчин Пэйс хатгуулахаас өөрийгөө хамгаалахын тулд тусгай хувцастайгаа энэхүү зургийг авсан юм.
Залхагийн тэмтрүүлүүд тун өвдөлттэй хатгадаг бөгөөд Пэйсийн хэлснээр хатгалт нь халгайнаас илүү зөгийний хатгалттай төстэй хэмээж байв.
Гарчиг: Байгаль орон зайгаа эргүүлэн авч байна
Гэрэл зурагчин: Ситарам Раул (Энэтхэг)
Байршил: Махараштра, Банда, Энэтхэг
Хав харанхуйд ноён Раул түүхэн балгасаас гарч ирж буй жимсний сарьсан багваахайн дунд зогсож, тухайн агшныг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Сарьсан багваахайнууд дээгүүр нь нисэн өнгөрөхдөө зурагчны болон түүний камер дээр нь санамсаргүй баачихсан хэмээжээ.
Өмнөд Азийн орнуудад жимсний сарьсан багваахай нар ихэвчлэн орхигдсон барилгад амьдардаг.
Гарчиг: Алтан үүлс
Гэрэл зурагчин: Жассен Тодоров (АНУ)
Байршил: Сан Франциско Бэй, Калифорниа, АНУ
Тодоров Сан Франциско руу нисч явахдаа давсны том цөөрөмд туссан үүлсийн зургийг камертаа буулгажээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх