Франц, Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, ХАА-н аттеше Изабелль Смектала нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах хүсэлтэй байгаа тул хүнс, хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Францын талаас техник туслалцаа авах; Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих боломжийг судлах; Франц Улсын Клермон-Феррон хотод 10 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” Мал аж ахуйн салбарын дээд хэмжээний уулзалт, олон улсын үзэсгэлэнд Монгол Улс зочин улсаар оролцоход дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг санал, хүсэлтэй байгаагаа сайд З.Мэндсайхан илэрхийлэв.
Францын элчин сайд санал, хүсэлтүүдийг нааштайгаар хүлээн авч, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Францын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг”-г шинэчлэн байгуулахаар болсон. Энэ хүрээнд санамж бичгийн төслийг хоёр тал харилцан ярилцаж, 10 дугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл үлдээх