Фэйсбүүк ойрын хугацаанд нэрээ сольж магадгүй
Дэлхийн хамгийн том сошиал платофрмыг эзэмшигч Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаа талаар ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Энэ талаар Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг өнгөрөгч долдугаар сард “ирэх жилүүдэд бид сошиал медиа компаниас метаверс компани болох шилжилтийг гүйцэтгэнэ” хэмээн хэвлэлд ярьж байжээ.
Ребрэндинг хийх буюу нэрээ солих нь сүүлийн үед хэл амнаас салахгүй байгаа Фэйсбүүк компанийн хувьд нэр хүндээ сэргээх чухал шийдвэр байж магадгүй юм.
Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг Connect чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй болоод байна.
Фэйсбүүк үйлчилгээ нь "Instagram", "WhatsApp", "Oculus" зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийн хамт нэг толгой компанийн нэрэн дор ажиллах бөгөөд ингэснээр зөвхөн сошиал медиа компани биш, интернэтийн дараагийн үе гэгддэг метаверс салбарын компани болж байгаагаа харуулах зорилготой байгаа аж.
Метаверс (metaverse) бол хүмүүсийг бодит амьдралаас нь гадна AR, VR зэрэг технологийн тусламжтай виртуал ертөнцөд амьдруулах тухай ойлголт юм.
Өмнө нь 2015 онд Google компани бас ийм загвараар нэрээ сольж, Alphabet толгой компанийн дор бүх үйлчилгээгээ явуулдаг болсон бөгөөд ингэснээр тус компани зөвхөн хайлтын системийн компани биш болж, илүү өргөн хүрээнд ажиллах зорилгоо зарлаж байсан юм.
Эх сурвалж: The Verge, reuters
Сэтгэгдэл үлдээх